Арьс, шир чанартай бэлтгэх технологийн цахим сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-05 14:11:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ (ФАО), НҮБ-ын АҮХБ (ЮНИДО) хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Мал төхөөрөх, арьс шир эсгэлгүй хуулах технологи” сургалтыг энэ сарын 3-5-нд цахимаар зохион байгууллаа.


Үүний дараа практик сургалтыг энэ сарын 12-13-нд Баянхонгор аймагт хийх юм. Сургалтад тус аймгийн мал төхөөрч бэлдэх, мах боловсруулах үйлдвэр цех, инкубатор төв, малчдын хоршоо, МСҮТ, түүхий эд бэлтгэгч болон холбогдох байгууллагын 30 хүн хамрагдаж байна. Ийнхүү арьс ширийг эсгэлтгүй хуулах технологид суралцсанаар үндэсний үйлдвэрлэлийг гэмтэлгүй, чанартай түүхий эдээр тогтвортой хангах, цаашлаад орон нутагт ажлын байр бий болж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж байгаа аж.


Манай улс анх 1918 онд малаа тоолж байх үед нийт 9,6 сая толгой малтай байсан бол өнгөрсөн онд 67,1 сая толгой малтай болсон. Статистик судалгаагаар 2011-2019 онд 8,4-19,6 сая ширхэг арьс, ширэн түүхий эд бэлтгэжээ. 


Арьс, ширэн түүхий эдийн арвин нөөцтэй ч багахан хувийг үйлдвэрт боловсруулж үлдсэн нь үнэгүйдэж байгаагийн учир нь бэлтгэж буй арьс ширний дийлэнх нь амьдын болон нядалгааны үеийн гэмтэлтэйгээс  үйлдвэрлэлийн чанар, стандартын шаардлага хангадаггүй аж. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасган, боловсруулах зардлыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулдаг байна.


Иймд нэмүү өртгийн сүлжээнд оролцогч малчин, хоршоо, түүхий эд бэлтгэгч, мал төхөөрөх цех, мах боловсруулах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг оролцогч талуудын өмнө арьс, ширэн түүхий эдийг чанартай бэлтгэх шаардлага тулгараад байгаа билээ.

 

Холбоотой мэдээ