Амьд ногоон хаалга болох “мод”-ны ургалт 70-80 орчим хувьтай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-06 12:52:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг гурван жилийн хугацаанд нийт найман га газарт 10 мянган мод тарьж, ургуулан “Олон ястны угтах хаалга” болгохоор зорьж буй.

Тодруулбал, Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотой ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан (ДБХС), “Түмэн модот хаалга” ТББ-аас санаачлан “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор 10 мянган мод тарьж, “Олон ястны угтах хаалга” болгохоор ажиллаж байна.  

Бичигтийн  хөтөл хэмээх газраас Ховд аймгийн төв хүртэл 4.5 км бөгөөд авто замын хоёр талд мод тарьж, эх дэлхийн төгөл WWF, халх, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгох зорилт дэвшүүлсэн.  

Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд зорилтот газрын авто замын нэг талд бүрэн мод тарьсан байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар нийт 5000 орчим мод тарьж, холбогдох хүмүүс цаг тухай бүрт усалгаа, арчилгааны ажил хийж, амжилттай ургуулж байна. Өнгөрсөн жил тарьсан модны ургалт 70-80 орчим хувьтай байгаа аж.  

Энэ жилийн тухайд эхний ээлжинд 2-3 мянган мод тарихаар төлөвлөж, одоогоор суулгац, талбай, услалтын системийг бэлтгэж, тороор хамгаалалт хийж байна.  

Иргэдийн оролцоотойгоор гурван жилийн хугацаанд тарих нэг модыг ургуулах зардал нь 18 мянган төгрөг. Тус ажил эхэлснээр орон нутгийн иргэд нэлээд идэвхтэй нэгдэн оролцож байгаа гэх мэдээлэл бий.  

Байгаль орчны салбарын холбогдох мэргэжилтэн, идэвхтэн сурагчид жил бүр тарьсан модны ургалтад хэмжилт хийж байна.  

Иргэд “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” аянд нэгдэх эсвэл тарьсан моддын ургалт, бусад дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “10.000 мод” гэх цахим хуудсаар дамжуулан холбогдох боломжтой.

Холбоотой мэдээ