Ж.Безос 2.5 тэрбум ам.долларын хувьцаа худалджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-07 15:36:19

НЬЮ-ЙОРК. /Business Insider/. “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос энэ долоо хоногт 2.5 тэрбум ам.долларын хувьцаа заржээ.


Ж.Безос долоо хоногт 739 мянган хувьцааг худалдсан байна. Энэ талаарх шийдвэрээ тэрбээр Үнэт цаас, биржийн комисстой урьдаас зөвшилцжээ. “Amazon” компанийн эхний улирлын санхүүгийн тайлан нийтлэгдсэний дараа ийнхүү хувьцаагаа арилжжээ. Тайланд дурдсанаар, компанийн орлого 108.5 тэрбум ам.долларт хүрч, шинжээчдийн таамаглалыг 4 тэрбум ам.доллараар давсан байна.


Үүнээс гадна Ж.Безос 6.54 тэрбум ам.доллар бүхий 2 сая ширхэг хувьцааг арилжаалах боломжийг хэлэлцэж байгаа аж. Өнгөрсөн онд тэрбээр 10 тэрбум ам.долларын хувьцааг худалджээ.


“CNBC” телевизийн мэдээлснээр, Ж.Безос агаар сансрын “Blue Origin” компаниа дэмжих зорилгоор 1 тэрбум ам.долларт хүрэх хувьцааг худалдана гэдгээ мэдэгдэж байжээ. “Blue Origin” компани “New Shepard” пуужин, капсулаа ирэх долоодугаар сарын 20-нд хөөргөхөө өмнө нь мэдэгдсэн юм.  


“Amazon” компанийн ерөнхий захирлын албан тушаалаа энэ онд орхиж, захирлуудын зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллахаа Ж.Безос өмнө нь мэдэгдсэн. Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, нөхцөл байдал тогтвортой байгаа учир халаа сэлгээ хийхэд хамгийн тохиромжтой үе гэж Ж.Безос үзжээ.

Холбоотой мэдээ