Архангай аймгийн ОБГ "Цэргийн гавъяаны одон"-гоор шагнууллаа

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-09 13:09:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газар 21 аймгаас анх удаа цэргийн гавъяаны одонгоор шагнууллаа.


Шагналыг өнөөдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс гардууллаа. 


Үйл ажиллагаанд Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал, аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар бие бүрэлдэхүүний хамт оролцсон. 


Тус газар нь Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр үүрэгтэй байсан 50 жилийн түүхтэй Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын газрын харьяанд төвийн бүсийн 7 аймгийн дунд үйл ажиллагаа явуулж байсан 45 жилийн түүхтэй Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба, аврах отряд, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбарыг нэгтгэн зохион байгуулж, Гамшгаас хамгаалах штаб нэртэй анх байгуулж байв. 

Түүнчлэн 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2013 онд Онцгой байдлын газар болон өргөжиж, Урьдчилан сэргийлэх тасаг, Эрдэнэбулган сум дахь Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар гэсэн нэгжтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Онцгой байдлын газар нь байгуулагдсан цагаасаа аймгийн хэмжээнд 1154 удаагийн гамшиг ослын голомтод ажиллаж, 2650 хүний амь, 194 барилга байгууламж, 124.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 45.8 мянган га ой мод, байгалийн баялгийг гамшгийн аюулаас авран хамгаалжээ.

Холбоотой мэдээ