Д.Цэндсүрэн: 260 гаруй га газарт ойн зурвас байгуулж, малчид, тариаланчдад хүлээлгэн өгсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-11 14:19:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршоо нь 20 гаруй жил байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Иймээс Улсын тэргүүний "Үр жимс” хоршооны дарга, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэнтэй цөөн хором ярилцлаа.   

-Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршоо хэзээ байгуулагдсан вэ?

-“Үр жимс” хоршоо нь 1999 оны гуравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан. Одоо 35 гишүүнтэй, зургаан ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Манай хоршооны үндсэн үйл ажиллагаа нь мод үржүүлэг, ойжуулалт, ойн арга хэмжээ бөгөөд бид жимс жимсгэнэ тарьж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг.

"Үр жимс" хоршооны улиас, бургас, хайлаас, шар хуайс, чацарганы 3-5 настай стандартын үзүүлэлт хангасан тарьц суулгацыг Улаанбаатар хот болон Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Дундговь, Дархан, Өмнөговь аймаг, зарим сумд руу захиалгаар худалдан борлуулдаг. Мөн бид бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд оролцох замаар борлуулж ирсэн.  

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн га талбайд мод үржүүлж, тариалалт хийв?  

-Өнөөдрийн байдлаар 11.8 га талбайд 1 сая 100 мянга орчим моджсон мөчир, ногоон мөчир, хайлаас, шар хуайс зэрэг модыг үрээр тарьж, жимс жимсгэнийг ногоон мөчрөөр үржүүлж байна. 1999-2020 он хүртэлх хугацаанд 260 гаруй га газарт ойн зурвас байгуулж, тухайн сум орон нутгийн малчид, тариаланчдад хүлээлгэн өгсөн.

Өнгөрсөн онд Ховд аймгийн Манхан сумын “Бор үзүүр” гэх газарт 15 га тайлбайд ойн зурвас байгуулсан. Мод үржүүлгийн талбайдаа 30 мянган улиас, бургас, чацаргана, үхрийн нүд зэрэг мод бутыг мөчрөөр үржүүлэн ажилласан байна.

-Жил бүр талбайгаас чацаргана, үхрийн нүдний жимс хураан авч үйлдвэрийн аргаар цэвэр шүүс боловсруулдаг байна. Тус үйлдвэрлэлийн хүчин чадал, давуу талыг танилцуулна уу?

-"Үр жимс" хоршооны жимсний талбайгаас жилд 5-7 тонн чацаргана, үхрийн нүд, чавга болон 1-1.5 тонн бэсрэг алим хураан авч, өөрийн үйлдвэрийн цехдээ экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Чацарганы цэвэр шүүс, тос, үхрийн нүдний өтгөрүүлсэн шүүс зэрэг бүтээгдэхүүн нь урт хугацаанд орон нутгийнхаа хэрэглэгчдийн талархлыг хүртэж байгаад баяртай байдаг.   

-Танай хоршооны хамгийн шилдэг бүтээгдэхүүн юу вэ?

-Манай хоршооны шилдэг бүтээгдэхүүн бол чацарганы цэвэр тос. Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаагаар “Баруун бүсийн шилдэг бүтээгдэхүүн"-ээр  удаа дараа шалгарч байсан. Чацарганы цэвэр тосыг Монгол Улсын стандарт хэмжилзүйн тохирлын тэмдэгтэй Ховд аймгийн бренд бүтээгдэхүүн болгосон юм.

Чацарганы тосыг хэрэглэх нь олон төрлийн ашиг тустай. Хүний биеийн дархлааг дэмжих, хорт хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох юм.

-Тус хоршоо нь баруун бүс нутгийн хэмжээнд навчит модны тарьц, суулгац бойжуулах ажилд тэргүүлэн ажиллаж ирсэн. Зарим амжилт ололтоосоо хуваалцахгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд манай хоршоо нь ажил хөдөлмөрөөрөө үнэлэгдэж, 2008 онд Улсын тэргүүний хоршоо, 2014 онд Ази номхон далайн шилдэг хоршоо болсон. 

Манай хамт олноос Улсын тэргүүний тариаланч хоёр, Байгаль орчны тэргүүний ажилтан тав, Хөдөө аж хуйн тэргүүний ажилтан хоёр төрөн гарсан байгаа. 

Мөн би өнгөрсөн 2009 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас олгодог Дэлхийн шилдэг фермерч эмэгтэйгээр шалгарсан юм.

-Жимс жимсгэнэ, мод тарихад анхаарах гол зүйл юу вэ? Залуу үеийнхэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Жимс жимсгэнэ, мод тарихад анхаарах гол зүйл нь арчилгаа, усалгаа юм. Яг л нярай хүүхэд асрахтай адил цаг хугацаа, хөдөлмөр, хичээл зүтгэл шаарддаг. Модлог ургамлын арчилгааг жилийн дөрвөн улиралд тухайн жилийн цаг агаарын төлөв ба ургамлын төрөл, онцлогт тааруулан хийнэ. Мод тарих хамгийн эхний алхам бол тарьц, суулгацаа сонгох, худалдан авах байдаг. Иймээс бид хүмүүсийн хүссэн мод, бут, суулгацыг хүсэл сонирхолд нь нийцүүлэн худалдан борлуулж байна. Манай аймагт мод тарих, тэр дундаа жимс жимсгэний мод үржүүлэхэд нэлээн тохиромжтой санагддаг.  Иргэн бүр жимс жимсгэнэ, мод, бутыг тариалахын зэрэгцээ ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр байгаль орчинд ихээхэн эерэг нөлөөтэйгээс гадна агаар орчны бохирдлын эсрэг чухал ач холбогдолтой. Хүмүүсийн тарьж ургуулсан нэг ч гэсэн мод, бут, зүлгийг чин сэтгэлээсээ хайрлан хамгаалж, хоггүй цэвэр цэмцгэр байхыг хүүхэд, залуучуудад уриалж байна. Хүн бүр амьдарч буй орон байрныхаа ойролцоо зүлэг мод тарьж, өөрөө өөрийнхөө эрүүл амьдрах орчинг бий болгоход хувь нэмрээ оруулцгаая.  

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ