New York Times: Монгол Улс вакцины хангалттай нөөцтэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-05-21 17:01:46

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нэгэн сургууль дахь вакцинжуулалтын цэг. Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг буюу 18 орчим ам.доллар олгож байна


ВАШИНГТОН. /New York Times/. Монгол Улс нөлөө бүхий хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай яриа хэлэлцээг сайн өрнүүлснээр вакцин олж авахаар хөөцөлдөж буй хөгжиж буй орнуудын дундаа нааштай үр дүнд хүрээд байна.


Ногоон тал, уудам говь, зах хязгааргүй тэнгэрийн орон гэгддэг Монгол Улс нь Чикаго хотоос арай олон хүн амтай юм. Энэхүү хүн ам цөөтэй ардчилсан улс нь хүчирхэг хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын сүүдэрт оршин тогтносоор ирсэн.


Харин цар тахлын үеэр дэлхийн хэмжээний эрмэлзлэл бүхий вакцин үйлдвэрлэгч хоёр орны дунд оршдог тус улсад олон давуу тал бий болоод байна.


Тодруулбал, дэлхийн ихэнх орон коронавирусний вакциныг олж авахаар хөөцөлдөж байхад Монгол Улс нь БНХАУ, ОХУ-тай байгуулсан гэрээнүүдийн ачаар одоо насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулах нөөцтэй болжээ. Эрх баригчдын хувьд вакциныхаа нөөцөд тун ч итгэлтэй байгаа бөгөөд ард иргэддээ “COVID”-гүй зуныг амлаж байна.


Бага орлоготой, хөгжиж буй орнуудын тоонд багтдаг Монгол Улсын хувьд цөөн сарын хугацаанд ахиу вакцин татан авсан нь томоохон амжилт юм. Учир нь ядуу буурай олон орон вакцин авахаар дарааллаа хүлээж буй билээ. Харин Монгол Улс нь ОХУ, БНХАУ-ын голд байрладаг геополитикийн тоглогчийн статусаа ашиглан чинээлэг орнуудтай зэрэгцэн вакциныг түргэн хугацаанд худалдан авах боломж бүрджээ.


“Энэ явдал нь монголчууд хоёр их гүрний дунд дэнжигнэж байгаа ч том хөршүүдийнхээ дунд тоглолт хийж, өөрсдийн үр ашгаа нэмэгдүүлэх чадвартайг харуулж байна” гэж Брюссель хот дахь Орос, Европ, Ази судлалын төвийн дарга Тереза Фэллон ярьжээ.


Мөн Монголын байгалийн арвин нөөцөд ашиг сонирхолтойгоос гадна дотооддоо гарган авсан вакцинууд нь үл итгэх байдал дагуулаад байгааг үл харгалзан дэлхий дахиныг цар тахлаас ангижруулахад голлох үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж буй БНХАУ, ОХУ-ын хувьд ч ашигтай юм.


Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, хүн ам сийрэг суурьшсан Оросын зүүн хэсэг, хүн ам ихтэй, байгалийн баялаг олж авах сонирхолтой Хятадын хоорондох буфер улс юм. Хэдийгээр ОХУ, БНХАУ нь олон улсын тавцанд эвлэлдэн нэгддэг ч Монголын төлөөх ашиг сонирхлын улмаас зөрчилдөж, дайсагнаж байсан түүхтэй. Энэ нь тэдний вакцины дипломат ажиллагаанаас харагдаж байна.


Улаанбаатар хотод насанд хүрсэн хүн амын 97 хувь нь вакцины эхний тунд, тэн хагасаас илүү хувийг нь бүрэн вакцинжуулаад байгааг Засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна /Гэрэл зургийг С.Хасар/


“Путин Монголыг чиглэсэн Хятадын үйл ажиллагаанд ихээхэн санаа зовнидог” гэж Т.Фэллон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний талаар ярих үеэрээ хэлжээ.


ОХУ Монгол Улсад “Sputnik V” вакцины нэг сая тунг худалдаалахаар тохиролцсон бол БНХАУ-ын хувьд дөрвөн сая тун вакцин нийлүүлж, сүүлийн хэсгийг энэ долоо хоногт хүлээлгэн өгчээ. Монгол Улс ДЭМБ вакцинд нь онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгохоос өмнө БНХАУ-ын төрийн өмчит “Sinopharm” компанитай гэрээ байгуулсан юм.


“COVID-19”-ийн вакцин олж авах өрсөлдөөнд Монгол Улс нь хожуу хөл тавьсан. Дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш нэг жил орчмын турш тус улсад “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй юм. Харин өнгөрсөн 11 дүгээр сараас халдвар тархаж эхэлсэн. Түүнээс хоёр сарын дараа халдварын эсрэг арга хэмжээнүүдийг эсэргүүцсэнээс үүдэлтэй улс төрийн хямралын улмаас Ерөнхий сайд гэнэт огцроход хүрсэн. Мөн коронавирусний халдварын тархалтыг хяналтад авах хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвтэй байгаа нь улс төрийн үймээнийг улам даамжруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ.


Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хөл хорио тогтоосон, хилээ хаасан, тэр дундаа ачааны тэргээр Хятадын гангийн үйлдвэрүүдэд хэрэглэх нүүрсийг тээвэрлэдэг зүүн хилийг хааснаас үүдэн сөрөг үр дагавар амссан эдийн засгаа сэргээх амлалт өгчээ. Гэвч энэхүү төлөвлөгөөнд халдварын тохиолдлын тоо хэдэн зуугаас хэдэн мянгад хүрч нэмэгдсэн нь хүндрэл учруулсан байна.


Үүнтэй холбогдуулан Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Э.Болормаа, “нөхцөл байдал хүндхэн байна” хэмээн хэлжээ.


Шинэ Ерөнхий сайд хөл хорио тогтоосноос үүдэн сөрөг үр дагавар амссан эдийн засгаа сэргээх амлалт өгчээ /Гэрэл зургийг С.Хасар/


“Монгол Улс эдийн засгийн харилцааг урт хугацаанд өрнүүлсээр ирсэн тул вакцин эрэлхийлсэн олон орны өмнө бичигдэнэ хэмээн найдсаны үндсэн дээр хамгийн эхэнд БНХАУ, ОХУ-тай холбоо тогтоосон” гэж тус улсын Гадаад харилцааны сайд хэлжээ. Мөн эрх баригчид дипломат болон хувийн шугамаар дамжуулан чинээлэг орнууд, дэлхийн вакцин үйлдвэрлэгч томоохон төлөөлөгчдөөс хандив хүсжээ.


Ийнхүү тэд үнийн зууч нар, олон улсын эрүүл мэндийн байгууллагууд, вакцины холбоодтой холбоо тогтоожээ. Нэгэн зууч бидэнд “Pfizer-BioNTech”-ийн вакциныг 120 ам.доллароор санал болгосон нь бидний хувьд сарын дундаж цалингийн дөрөвний нэг орчимтой тэнцэж байсан гэж Э.Болормаа ярьжээ. Монгол Улсын 2020 оны долоодугаар сард нэгдэн орсон, дэлхий дахинд вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрийн хувьд намар юм уу өвөл вакцин нийлүүлэхээ мэдээлжээ.


ОХУ-тай хийж буй хэлэлцээнд ахиц гарах тутам БНХАУ-тай өрнүүлж буй хэлэлцээ улам түргэсэж байв.


Хоёрдугаар сарын эхээр Монгол Улс “Sputnik V” вакцинд зөвшөөрөл олгосон. Түүнээс гурван хоногийн дараа Хятадын “Sinopharm” компанийн “Verocell” вакциныг бүртгэсэн. Удалгүй БНХАУ уламжлалт харилцааны бэлгэдэл болгон “Sinopharm”-ын 300 мянган тун вакцин хандивлажээ.


БНХАУ, Монгол Улсын хилийн олон боомтыг нээх нь вакцины хэлэлцээний нэгэн хэсэг байсан гэж Хятад, Монголын төлөөлөгчид мэдээлснийг Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжилжээ. Монгол улсын хувьд БНХАУ-д нүүрсээ худалдаалах нь чухал бөгөөд Монголын эдийн засгийн жилийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг тус улс руу хийдэг экспорт эзэлдэг байна. Энэхүү орлого нь өнгөрсөн оны төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлжээ.


Нэг сар хэлэлцсэний дүнд Монголын Засгийн газар ОХУ-ын Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний төвтэй ч мөн тохиролцоонд хүрч, “Sputnik” вакцинаас нэг сая тунг авахаар болжээ. Түүнээс хэдэн өдрийн дараа Монгол Улс “Sinopharm”-ын вакцинаас нэмж 330 мянган тунг худалдан авах гэрээг эцэслэн байгуулжээ.


Эрх баригчдын хувьд вакциныхаа нөөцөд тун ч итгэлтэй байгаа бөгөөд ард иргэддээ “COVID”-гүй зуныг амлаж байна /Гэрэл зургийг С.Хасар/


БНХАУ-аас худалдан авахаар тохиролцсон вакцины нийлүүлэлтийг хийхийн өмнөхөн саатал үүсэх үед БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дөрөвдүгээр сарын 7-нд утсаар ярьсан нь нөхцөл байдлыг эерүүлжээ. Үүнийг хүртэл Монгол Улс Хятадад найдах уу, Орос дээр эргэн очих шаардлагатай болох уу гэдэг нь тодорхойгүй байв.


“Хоёр тал утсаар ярьснаар гэрээний үлдсэн хэсэг тодорхой болсон. Бид нөхцөл байдлыг судалсны дүнд дэлхий дахин хараахан бүрэн итгэл хүлээлгээгүй байсан Хятадын вакцинуудад найдлага тавьсан” гэж Э.Болормаа ярьжээ.


Монгол Улс мөн “AstraZeneca”, “Pfizer-BioNTech”-ийн вакцин хүлээн авсан бол үйлдвэрлэлийн саатлын улмаас одоогоор “Sputnik” вакцинаас ердөө 60 мянган тунг хүлээд аваад байна. Иймээс Хятадын вакцинаар Монголын хүн амын дийлэнхийг вакцинжуулах төлөвтэй байна.


“Дотооддоо хэрэгцээтэй байгаа ч вакцинаар хангаж буй түншүүддээ, ялангуяа БНХАУ-д бид талархал илэрхийлж байна” гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлжээ. Харин Монгол дахь БНХАУ, ОХУ-ын Элчин сайдын яамнаас тодруулга хүсэхэд хариулт өгсөнгүй.


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод насанд хүрсэн хүн амын 97 хувь нь вакцины эхний тунд, тэн хагасаас илүү хувийг нь бүрэн вакцинжуулаад байгааг Засгийн газрын статистик мэдээлэл харуулж байна. Улсын хэмжээнд авч үзвэл, монголчуудын гуравны нэгээс илүү хувь нь вакцины эхний тунг тариулжээ.


БНХАУ руу хийсэн нүүрсний экспорт Монголын эдийн засгийн жилийн өсөлтийн дөрөвний нэг орчмыг бүрдүүлжээ /Гэрэл зургийг Жиль Сабри/


Гэвч вакцинжуулалтын аян саад бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Монгол Улс нь эдийн засгийн хувьд Хятадаас ихээхэн хамааралтайгаас гадна Монголын олон иргэн тус улсын хүч нөлөөнөөс эмээсээр байна. Тодруулбал, урьд нь хурцадмал байдал үүсэхэд БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс худалдан авахаа зогсоож байсан удаатай.


Монголчуудын хувьд Оросын “Sputnik” вакциныг хийлгэхийг илүүд үзэж буйгаа мөн илэрхийлж байна. Засгийн газрын зүгээс иргэдээ “Sinopharm”-ын вакцинд хамруулахын тулд бүрэн хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөг буюу 18 орчим ам.доллар санал болгож байна. Тус улсад 2020 оны байдлаар сарын дундаж цалин 460 ам.доллар байжээ.


Одоогоор “Sinopharm”, “Sputnik” вакцины гэрээний нөхцөл, үнийн дүнгийн талаар олон нийтэд мэдээлээгүй байгаа бөгөөд Монголын Гадаад хэргийн яам үнийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Мөн Гамалеягийн нэрэмжит төв, “Sinopharm”-ын төлөөлөгчид ч хариулт өгөөгүй байна.


Олон улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд “Sinopharm” хилийн чанадад өгсөн үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх боломжтой эсэхэд эргэлзэж байгаа боловч тус компани Монголын захиалсан бүх тунг нийлүүлсэн байна. БНХАУ энэ оны эцэс гэхэд таван тэрбум тун вакциныг үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа ч хүн амаа вакцинжуулахад хангалттай хүрэлцэх вакцин үйлдвэрлэх хэрэгтэйг албаныхан анхааруулж байгаа ажээ.


Мөн “Sinopharm”-ын вакциныг сонгосон Засгийн газрууд гурав дахь тунг өмнө нь тооцоолж байснаас эрт хийх шаардлагатай байж магадгүй байдал ажиглагдах болоод байна.


“БНХАУ-ын хувьд алсын хараатай шийдвэр гаргаж байж болох юм” гэж Бритиш Колумбийн их сургуулийн профессор, Монгол судлаач Жулиан Диеркес хэлжээ. Хэдийгээр Монголын олон иргэн Хятадад итгэхгүй хэвээр байгаа ч Монголын Засгийн газар хүнд цаг үед хэрхэн вакцинаар хангасныг санах болно. “Иймээс жижиг байхын давуу тал гэсэн үг энд тохирч байна” гэж тэрбээр хэлжээ.


Энэхүү нийтлэлийг Хятадын томоохон корпорацуудын талаар болон үндэстэн дамнасан компаниудын өөрчлөлт, Хятадын эдийн засаг, санхүүгийн Ази дахь өсөн нэмэгдэж буй нөлөөний талаар бичдэг, Хонконгт төвтэй бизнесийн сурвалжлагч Александра Стивенсон бичжээ. 

Холбоотой мэдээ