Шинжлэх ухаан, технологийн салбарыг ивээлдээ авч ажиллахыг Ерөнхийлөгчид захив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-25 13:35:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж үг хэллээ.


Тэрбээр, “Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар У.Хүрэлсүх танд итгэл хүлээлгэн, 6 дахь Ерөнхийлөгчөөр сонголоо. Монгол Улсын төрийн тэргүүн бол улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж, нийт ард түмнийхээ сайн сайхан, ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, тууштай тэмцэж чаддаг улс эх орныхоо төлөө цуцашгүй цохилох зүрхтэй шударга ёсыг дээдэлсэн манлайлагч байх учиртай гэсэн чин үнэн сэтгэлээрээ монголын ард түмэн итгэж, таныг дэмжсэн. Монгол Улсын төрийн тэргүүний Үндсэн хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байдаг. Монгол Улсын батлан хамгаалах салбараас бэлтгэгдэн гарсан мэргэжлийн хүн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсонд цэргийн үйлстэн бүхэн баяртай байна. Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө туйлбартай ажиллаж, ард түмнийхээ эв нэгдлийг сахиж, улс орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө улам ихийг бүтээж чадна гэдэгт цэрэг хүний ёсоор итгэж байна. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс эрдэм номыг эрхэмлэн дээдлэж, хүн төрөлхтний түүхэнд Монгол Улсынхаа нэрийг мөнхөлсөн билээ. Өнөөгийн улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбараа тэргүүн зэрэгт хөгжүүлж, улс үндэстнийхээ аюулгүй байдлыг бататган, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасган, ард иргэдийнхээ амьдралын сайн сайхан байдлыг хангаж байгааг хүн бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та монгол оюун ухаан, эрдэмтэн судлаачдыг дэмжиж, шинжлэх ухаан, технологийн салбарыг онцгойлон анхаарч ивээлдээ авч ажиллаарай гэж захиж байна. Нэгэн цагт сансар огторгуйн уудамд хамт аялаж, ажиллаж ирсэн миний анд нөхөр, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар В.А.Жанибеков “Би Монгол Улсын хөгжил дэвшилд туйлын итгэлтэй байдаг” хэмээн хэлж байсан. Анд нөхрийнхөө бэлгэ дэмбэрэлтэй энэ сайхан үгийг би үргэлж сэтгэл зүрхэндээ тээж ирсэн. Өнөөдөр би орос андынхаа хэлсэн энэ үгэнд улам их итгэл олж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таныг улс эх орноо цогцлоон хөгжүүлэх эрхэм үүргийг манлайлна гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бид хэний ч өмнө бахархах гайхамшигтай түүхтэй ард түмэн билээ. Түүнээс дутахааргүй шинэхэн түүхийг та бид хамтдаа бүтээж, үр хойчдоо үлдээх ёстойг үргэлж санан, эвтэй цагтаа хүчтэй байсан эх түүхээсээ сургамж авч, хийсэн бүтээсэн, хичээн зүтгэснээрээ өөрийнхөө нэрийг өрлөг түүхэнд үлдээсэн төрийн тэргүүн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Холбоотой мэдээ