Парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүд оролцлоо

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-08-01 12:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Бангладеш Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран  зохион байгуулсан “Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэнд, уур амьсгалын үйл ажиллагаанд парламентын гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт  парламентын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцлоо.


Мөн Бангладеш, Филиппин, Непал, Бутаны парламентын гишүүдийн хамтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Марко Тоскано-Ривалта нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Тус зөвлөлдөх уулзалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй парламентын гишүүдтэй цаашид Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг хэрхэн эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцэж, тэргүүн туршлага солилцох, гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилт, бодлого, арга хэмжээг хэрхэн уялдаатай авч хэрэгжүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцах зорилготой юм.


Уг зөвлөлдөх уулзалтын ач холбогдлыг бий болгох, хэлэлцүүлгийн үр дүнд гарах зөвлөмжүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тул уулзалтыг тогтмол зохион байгуулах саналыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэвшүүлснийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хүлээн авч цаашид байнга зохион байгуулах болсныг танилцуулав.


УИХ-ын гишүүн Н.Учрал, “Монгол Улс 2018 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газртай хамтран Улаанбаатар хотод Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулж, Улаанбаатарын тунхаглалыг баталсан билээ. Уг тунхаглалд тогтвортой хөгжлийг зорилтуудыг хэрэгжүүлэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлоготой уялдуулах зайлшгүй шаардлагатай байгааг тусгасны дагуу Монгол Улсын Их Хурал гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох бодлогыг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн тулд дэмжин ажиллаж байгаа” гэв.


Парламентын зөвлөлдөх уулзалтаас гарсан санал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Ази, Номхон далайн бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024” баримт бичигт тусгагдах юм.

Холбоотой мэдээ