Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 16:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын энэ оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаанд хориглолоо.


Энэ нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилготой аж.


Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, газрын хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр хөрсний бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан. Мөн бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтой тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.


БОАЖЯ-наас зөвшөөрөл авсны дагуу НБОГ, ХААИС-ийн “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ хамтран Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсэд айлын хашаанд ойр тархсан 9 бүлийн 53 бодгаль тарвагыг шилжүүлэн нутагшуулаад байгаа.


Үүний өмнө 2017, 2020 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны суурьшлын бүсээс 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллага хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, байгаль хамгаалагчийн оролцоотойгоор тухайн газар нутагтаа дасан зохицож байгаа эсэхэд мониторинг судалгаа хийхэд өсөж үржсэн дүн гарчээ.



Холбоотой мэдээ