“Time” сэтгүүл Ши Жиньпиний талаарх Ц.Элбэгдоржийн бичвэрийг онцолжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-09-17 10:27:33

ВАШИНГТОН. /The Time/. Америкийн “Time” сэтгүүл энэ оны нөлөө бүхий 100 эрхмийг удирдагчид, уран бүтээлчид, шинийг санаачлагчид тэргүүтэй зургаан ангиллаар тодруулан нэрлэлээ.


Тийнхүү нөлөө бүхий удирдагчдын нэгээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг нэрлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бичвэрийг хавсаргажээ.


Үүнд, “Миний бие БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 30 орчим удаа уулзаж, ганцаарчилсан яриаг хэд хэдэн удаа өрнүүлж байсан хэдий ч цаг хугацаа хэмнэх үүднээс түүний талаарх гурван зүйлийг онцлон бичье.


Нэгдүгээрт, Ши дарга эх орондоо, ард түмэндээ их хайртай. Хятад улсад төрийн айлчлал хийхийг урих үед нь би түүнээс хаашаа очвол зүгээр болохыг асуусан юм. Хариуд нь тэрбээр, “Шэньси муж дахь өвөг дээдсийн маань гайхалтай нутгаар зочлоорой” хэмээн хэлсэн. Түүнд Өвөр Монголд очиж, нутгийн айлд зочлохыг хүсэж байгаагаа дуулгахад мөн л таатайгаар хүлээн авсан юм.


Хоёрдугаарт, Ши даргад бардам зан гэж үгүй. Тэрбээр өнөө цагийн хамгийн нөлөө бүхий улстөрч хэдий ч бусад орны ард иргэд, удирдагчидтай эн тэнцүү харьцдаг. 


Гуравдугаарт, Миний бие Ши даргын бодлогыг бүрэн дүүрэн дэмждэггүй. Тодруулбал, Хятад дахь үндэсний цөөнхүүдэд гаргаж буй Коммунист намын хандлагатай огт санал нийлдэггүй. Хятад дахь монголчуудын хувьд өөрсдийн гэсэн амьдралын хэв маяг, хэл соёлтой. Тэд үндсэн хуулийн дагуу түүнийгээ өвлөн уламжлах эрхтэй. Эдгээр эрхийг хамгаалах ёстой. Үүнээс гадна нэг сая гаруй уйгурыг Засгийн газрын хуаранд саатуулж буй уйгуруудыг чиглэсэн Хятадын уусгах бодлого ямар ч ирээдүйгүй юм. Хятад улс хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж буй хэрнээ хүнлэг энэрэнгүй байдлыг нэхэмжлэн шаардах боломжгүй. 


Тэрбээр өөрөөсөө өмнөх түүхэн дэх олон хүмүүсийн нэгэн адил биечлэн уулзахад бишрүүлэн дагуулах увидастай ч дэлхийн тавцанд аюултай, автократ гэдгээ харуулж байна. Тэр эелдэг хийгээд муугийн аль нь ч байж чадна. Тэгэхээр ийм хүнтэй нүүр тулах нь” хэмээн бичжээ. 



Холбоотой мэдээ