Камбожийн хүн амын 75.3 хувь нь вакцинд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-20 18:06:42

ПНОМПЕНЬ. /The Star/. Камбож улсад 12.05 сая хүн буюу нийт хүн амын /16 сая/ 75.3 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн гэж тус улсын холбогдох албаны мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлжээ.  


“10.3 сая хүн буюу Камбожийн хүн амын 64.4 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа бөгөөд 830814 хүн /5.2 хувь/ халдварын эсрэг вакцины гурав дахь тунд хамрагдсан” гэж Камбожийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ор Вандин мэдэгдлийн үеэр дурджээ.


Бямба гаргийн байдлаар насанд хүрсэн хүн амын 98.27 хувь, 12-18 хүртэлх өсвөр насныхны 88 хувь, 6-12 хүртэлх насны хүүхдүүдийн 25.94 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ. Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сараас эхлэн вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлсэн байна.   


Камбожийн Ерөнхий сайд Хун Сен “БНХАУ-ын коронавирусний эсрэг вакцин нь манай улсад нийтийн дархлаа тогтох, халдварын болоод нас баралтын тохиолдлыг бууруулахад тусалж байна. Хэрэв БНХАУ-аас Камбож улсад халдварын эсрэг вакцин нийлүүлээгүй байсан бол өнөөдөр манай улс хамгийн ихдээ хоёр сая орчим хүнийг вакцинжуулсан үзүүлэлттэй байх байсан” хэмээн мэдэгджээ.


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 622 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 104716 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мөн халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлыг 2123-т хүргэжээ. 

Холбоотой мэдээ