Нэг цэгийн үйлчилгээний төв 88 хүнийг түр байрлуулж, эрх ашгийг нь хамгаалжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-20 21:53:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамтарсан ажлын баг ажиллаж байна. Ажлын багийн гишүүд өнөөдөр аймгийн ГБХЗХГ, ЦГ-ын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөллүүдтэй уулзлаа.  

Энэ үеэр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, хамтын ажиллагааны үр дүн, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээн дэх тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.

Мөн аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтай танилцаж, санал, мэдээлэл солилцов. Тус төвөөр он гарсаар 346 иргэн 1613 удаагийн үйлчилгээг авчээ. Нийт үйлчлүүлэгчийн 224 нь насанд хүрэгч, 122 нь хүүхэд бөгөөд ихэнх  нь сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийллийн хохирогч нар аж. Үйлчлүүлэгчид сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг түлхүү авсан ба 88 хүнийг түр байрлуулан, эрх ашгийг нь хамгаалан ажилласан байна.


Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр ажлын багт дараах саналуудыг тавьж байлаа. Тодруулбал “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн үйлчилгээний төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх асуудлаар бодлогод нөлөөлөх. Ялангуяа хохирогчтой ажиллаж буй хүний нөөцийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг улсын төсөвт суулгаж, аймгуудын ГБХЗХГ-ын бүтцэд тусгах. Хохирогчдод үйлчилгээ үзүүлж буй байрыг нэг стандартад оруулж,  үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтын агуулга, арга зүйг сайжруулах, сургалт зохион байгуулахтай холбоотой зардлыг улсын хэмжээнд бий болгох” гэсэн саналыг хэллээ.

 

Холбоотой мэдээ