Нефть-хийн нөөц шавхагдсаар, гэхдээ 100 жилд хүрэлцэнэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-09-25 17:35:32

Сүүлийн 10 жилийн дотор Оросын нефтийн нөөц гуравны нэгээр, хийн нөөц 27,4 хувиар багассан тухай тус улсын Байгаль орчны яам мэдээллээ. Харин Засгийн газар олборлоход түвэгтэй ордуудын нөөцийг тооцох замаар нийт нөөцийн хэмжээг нөхөн нэмэгдүүлэхээр зорьж байна. Гэтэл ногоон эрчим хүчний салбар архан талд бараг гүйцээд ирлээ. Ер нь, Орос улсад хар алт, цэнхэр түлшний хэр хэмжээний нөөц үлдсэн бэ гэдэг тухайд РИА Новости агентлагийн сэтгүүлч Ирина Бадмаева сонирхолтой нийтлэл бичсэнийг толилуулъя.


Нефть, хий 100 жилд хүрэлцэнэ


2010 онд нефтийн нөөц 28 тэрбум тонн байсан бол өнөөдөр 19 тэрбум гаруйхан тонн болжээ. Харин 6 жилийн өмнө 70 их наяд шоо метрээр хэмжигдэж байсан хийн нөөц өдгөө 49,2 их наяд болж буураад байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин бага хэмжээний нефть хийн нөөцийг хайж илрүүлснээс гадна Зөвлөлтийн үеийн олон ордын нөөц шавхагдсаар байгаа тухай “Росгеология” мэдээлжээ. Тус байгууллагын хийсэн тооцоогоор, хийн нөөц 70 жил, нефтийн нөөц 30 жилийн хэрэглээнд хүрэлцэх ажээ.


Харин Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов дээрх хоёр тоог 100 ба 60 жил болгон өөрчилж, нэлээд өөдрөг таамаглал дэвшүүлж байна. “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийн хэлснээр бол, нефть-хийн нөөцөөр Орос улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд бүхэл бүтэн зууны туршид түүхий эдийн асуудал үүсэхгүй гэнэ.


Харин эдийн засгийн хувьд ашигтай байдлаар олборлолт явуулна гэдэг бол огт өөр хэрэг. Ашигтай ордуудын нөөц 20 жилийн дотор дуусна гэдгийг ОХУ-ын Холбооны Ашигт малтмалын агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Евгений Петров анхааруулаад, гэхдээ олборлолт явуулахад түвэгтэй ордуудыг ашиглах технологи хөгжихийн хэрээр дээрх хугацаа уртасна, Баруун Сибирийн ордууд ихээхэн найдлага төрүүлж байгаа бөгөөд энд олон жилийн турш олборлох нөөц бий гэдгийг дурдлаа.


Гэхдээ Дорнод Сибирьт шаардлагатай дэд бүтэц байхгүй учраас тус бүс нутгийн ордуудыг ашиглахад одоогоор маш их бэрхшээлтэй. Үүнээс гадна хоригийн улмаас Орост өрмийн техник, түүний сэлбэг хэрэгсэл хомсдолтой байгаа юм.


“Жил бүр геологи хайгуулын ажилд 300-350 тэрбум рубль зарцуулж байгаа бөгөөд 2020 онд 340 тэрбумыг зарцуулснаас 13,4 тэрбумыг нь улсаас гаргасан. Энэ онд 300 тэрбум рубль зарцуулах төлөвтэй байна" гэж “Фондовый Капитал” хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий шинжээч Даниил Болотских ярилаа.


Дэд бүтцэд оруулж буй хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа учраас Хойд нутаг ба Арктикийн бүсэд явуулж буй геологи хайгуулын ажлын өртөг өндөр байна. “Одоогийн байдлаар 19 тэрбум тонн нефтийн батлагдсан нөөц бий. Тэгвэл жилд 500-550 сая тонныг олборлож байгаа нь уг нөөц 30-35 жилд хүрэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр үүнд санаа зовохоос аргагүй. Олборлолт хийхэд эдийн засгийн хувьд ашигтай ордуудын нөөц 2050 он гэхэд шавхагдаж дуусна” гэдгийг Д.Болотских хэлсэн бол Оросын нефтийн нөөцийн дор хаяж 40 хувь нь эдийн засгийн хувьд ашиггүй” гэсэн тооцооллыг Санхүүгийн менежментийн дээд сургуулийн судалгааны хэлтсийн дарга Михаил Коган хийжээ.


Оросын нефтийн ордууд 


Харин хийн хувьд нөхцөл байдал таатай байна. Одоогоор ашиглаж байгаа болон батлагдсан нөөц ихтэй учраас цэнхэр түлш олборлогч, экспортлогч Орос улсын хувьд боломж их бий. “Дэлхий дээрх нийт нөөцийн 25 хувь нь буюу 47 их наяд орчим шоо метр хийн нөөц манай улсад байдаг. Сүүлийн 10 жилийн дотор дэлхийн хэрэглээ 20 хувиар нэмэгдсэн" хэмээн Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Аж үйлдвэрийн эдийн засгийн тэнхимийн доцент Олег Каленов ярьж байна.


Хар алт, цэнхэр түлш хоёрыг шахаж гаргана


Ашигт ажиллагаа гэдэг бол харьцангуй ойлголт юм. Жишээ нь, нефтийн өндөр байх тусам эдийн засгийн хувьд олборлоход ашигтай нөөцийн хэмжээ нэмэгддэг. Одоогоор нефтийн үнэ 74 доллар/баррель байгаа.


“Ойрын хугацаанд коронавирусний цар тахлаас олон зүйл хамаарахаар байгаа. Стратегийн нөөцийг зах зээлд гаргах эсэх нь бас нөлөөлнө. АНУ, Хятад хоёр нөөцөө зараад эхэлчихсэн. Давагдашгүй хүчин зүйлүүд, тухайлбал, Ида хар салхи нөлөөлнө гэдгийг ч тооцох ёстой гэж О.Каленов тодотгож хэлсэн бол дэлхий даяар хэрэглээ сэргэх үед ханш 80 долларт хүрч өсөж магадгүй хэмээн CreativePRO компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Михаил Митрофанов таамаглажээ.


Үнэ үүнээс цааш өсөхийг ОПЕК зөвшөөрөхгүй. Үнэ 100 доллароос давах нь зах зээлийг бусниулна хэмээн “Лукойл” компанийн тэргүүн Вагит Алекперов анхаарууллаа. Хөл хориог дахин тогтоох, эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт гэх мэт сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн хэрэглээ буурвал нефтийн үнэ 60 доллар хүртэл уруудна, гэхдээ энэ бол бууралтын хязгаар биш ээ.  Үүний зэрэгцээ татварын бодлогыг ч харгалзан үзэх ёстой. Орост олборлож буй нефтийн өөрийн өртгийн 50-иас дээш хувийг татвар эзэлдэг. Хэрвээ татварыг бууруулах аваас нөөц нэмэгдэнэ.

Үүний зэрэгцээ хийн үнэ нэмэгдсээр байна. Европын хий хадгалах савнууд тал дундуур байгаа учраас өнгөрсөн долоо хоногт үнэ ханш түүхэн дээд үзүүлэлтээс хэд хэдэн удаа давж, сэтгэл зүйд нөлөөлөхөөр хэмжээнд буюу 1000 шоо метр нь 1000 долларт дөхлөө.

Вагит Алекперов 


Түүнээс гадна, дэлхийн хамгийн том эдийн засгууд болох Хятад, АНУ хоёр ногоон эрчим хүчний салбарт хийж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байгааг Михаил Митрофанов санууллаа. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, нефть-хийн эрэлт хэрэгцээ 5-7 жилийн дараа буурч эхлэх төлөв харагдаж байна. Скандинавийн орнууд аль хэдийнэ сэргээгдэх эрчим хүчинд шилжсэн бол нефтийн бүтээгдэхүүний гол хэрэглэгчид болох АНУ, Хятадад нарны зай хураагуурыг өргөн хэрэглэж байгаа гэдгийг М.Митрофанов дурдав.


Мөн 2023 оноос эхлэн хүлэмжийн хийг их хэмжээгээр ялгаруулдаг импортын бүтээгдэхүүнд нүүрстөрөгчийн татвар ногдуулахаар Европын Холбоо төлөвлөж байна. Энэ шийдвэр нь Оросын экспортын 40 хувийг хөндөх юм. Янз бүрийн тооцооллоор, Оросын үйлдвэрүүд 6-50 тэрбум еврогийн татвар төлж, ЕХ-ны түрийвчийг зузаалах дүр зураг харагдаж байгаа юм. Үүний сацуу Хятад улс 2060 он гэхэд агаар мандалд нүүрстөрөгч ялгаруулахаа зогсооно гэж амлаж байна. Орос улс гэхэд, 2030 он гэхэд 1990 онтой харьцуулахад нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг 70 хувиар бууруулсан байх ёстой.


Түүнчлэн экологийн хувьд хамгийн цэвэр түлшнүүдийн нэг болох устөрөгчийг ашиглах төслүүд хүчээ авч байна. "Шаталтын явцад маш их дулаан ялгаруулдаг нь устөрөгчийн давуу тал бөгөөд урт хугацаандаа нефть, хий хоёрыг зах зээлээс шахаж гаргана” гэж О.Каленов үзэж байна. Албан бус тооцооллоор, ногоон эрчим хүчинд шилжихийн тулд дэлхий даяар 40 их наяд долларын зардал гарах ба энэ нь дэлхийн нэг жилийн ДНБ-ний 50 хувьтай тэнцэхээр мөнгө юм.  

Гэхдээ энэ нь ойрын хугацаанд хэрэгжчих зүйл биш. Дэлхий даяар үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 80 орчим хувь нь шууд ба дам байдлаар нефть, хийгээс хамаарч байна. Үүний зэрэгцээ ногоон эрчим хүчний салбарууд бүгдээрээ эдийн засгийн хувьд ашигтай биш байгаа. Ер нь бол, ийм төрлийн бизнес эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг нь эргэлзээтэй хэвээрээ. Гэхдээ зөвхөн хар алт ба цэнхэр түлшинд найдаж болохгүй ээ. Улсын төсөв нефть-хийн орлогоос хамаарч буй байдлыг багасгах шаардлагатай. Ашигтай бизнесийг зүгээр л зогсоочихно гэдэг бол логикгүй шийдвэр. Тухайн бизнесээс олж буй орлогыг дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухааны салбарт зориулах хэрэгтэй. Үүнийг дагаад эдийн засгийн бусад салбар хөгжих учиртай.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ria.ru 

 

Холбоотой мэдээ