Л.Эрдэнэцэцэг: Хүмүүн цогцолбор сургууль гэр-сургууль, сургууль-гэр зарчмыг баримталж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-Хүмүүн
цогцолбор сургууль хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургалтын ямар хэлбэрийг
сонгон хичээллэж байна вэ?
- -Хүмүүн цогцолбор сургуульд 3208 хүүхэд суралцдаг бөгөөд 190 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу цахим болон танхимын хосолсон хэлбэрээр хичээллэж байна. 9-р сарын 1-нээс 100 хувь танхимаар хичээллэхээр бэлтгэж байсан боловч багш, ажилчид их өвчилж 5/9 зарчмын буюу цахим, танхим хосолсон, цахим, танхим гэсэн сургалтын 3 хэлбэрээр хичээллэж байна. Одоогоор 60 орчим багш, ажилтан халдвар авч эмчлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 1-р ангийн сурагчдыг 100 хувь
танхимаар, 2-5 ангийн сурагчдыг 5/9 зарчмаар буюу 5 өдөр танхимаар 9 өдөр
цахимаар хичээллэж байна. Дунд болон ахлах ангийн сурагчдыг 14 эсвэл 21
хоногоор тухайн ангид халдвар батлагдсан тохиолдолд цахимаар шилжүүлэн хичээллэж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар бүгд танхимаар орж байна.
-Нэг ангид
хэдэн хүүхэд суралцахаар зааж өгсөн байгаа вэ? Анги нийтээр өвчлөх тохиолдол
байна уу?
- - Ангид 20-25 сурагч байхаар зохион байгуулж байна. Өвчлөлийн тохиолдол батлагдаж байгаа хэдий ч нийтээр
өвчилсөн тохиолдол байхгүй. Нэг ангиас 1-2 хүүхэд өвчилсөн тохиолдол байгаа бөгөөд
тус ангиас халдвар илэрсэн тохиолдолд сургалтын хэлбэрийг цахимд шилжүүлэн,
анги танхимд тухай бүрт нь ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.
Хичээлийн шинэ эхэлснээс хойш 30 гаруй
хүүхдийн өвчлөл бүртгэгдсэн.
-Гэр-Сургууль,
Сургууль-Гэр гэсэн зарчмыг баримталж байгаа гэсэн энэ талаар?
- -Хүүхдүүд хичээлийн бус цагаар олон нийтийн газраар явах,
олуулаа бөөгнөрөх асуудлууд үүсч байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдаас болон ахуйн
нөхцөлөөс халдвар авах нь элбэг байгаа юм. Үүнийг эцэг эхчүүд онцгой анхаарах
хэрэгтэй байна. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 1-р анги 100
хувь танхимын зохион байгуулалттай хичээллээд одоогийн байдлаар халдвар огт
илрээгүй байна. Энэ байдлыг ажиглахад 1-р ангийн хүүхдүүд эцэг эхийн хараа
хяналтад гэр-сургууль, сургууль-гэр гэсэн маршруттай явж байгаа. Мөн дотуур
байранд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж эрүүл сурагчдыг
авсан учраас одоогоор өвчлөл гараагүй байна. Дотуур байрны хүүхдүүд ч мөн адил “Дотуур
байр-Сургууль, Сургууль-Дотуур байр” зарчмыг мөрдөж хэвшээд байна.
-Дунд
сургуулийн их засварын ажил хэр шатандаа явж байна вэ? Танхимаар хичээл орж
эхэлсэн байгаа юу?
- -Дунд сургуулийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 736
сая төгрөгөөр их засварын ажил 2 жилийн хугацаанд буюу 2021, 2022 онд хийхээр
төлөвлөгдсөн. Энэ жилийн хувьд төлөвлөсөн засвар үйлчилгээгээ дуусгаад танхимын
хичээлээ эхлүүлээд явж байна.
-Ариутгал
халдваргүйжүүлэлтийн талаар?
- -7 хоногийн 5 дахь өдөр бүр сургуулийг бүтэн ариутгаж
байна. Мөн халдварын тохиолдол батлагдсан ангийг тусгаарлан ариутгал,
халдваргүйжүүлэлт хийдэг.
-Одоогийн
байдлаар тулгамдаж буй асуудлууд байна уу?
- -Хоёр жил цахим хичээл үзсэн хүүхдүүдийн сурлага, мэдлэг,
чадварын түвшин буурсан харагдаж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгахад сурагчид
болон багш нараас цаг хугацаа, идэвх зүтгэл шаардлагатай. Мөн багш нарын хувьд
ачаалалтай байна. Танхимд заасан сурагчдын тооноос хамаарч өглөө болон үдээс
хойш ажиллаж байгаа нь нэг талдаа асуудал болж байна. Сургуулиудад гар ариутгагч маш
их дутмаг байна. Энэ асуудлын хүрээнд Төв аймагт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас
дэмжлэг авч байна.
