Сүүлийн 24 цагт бүх суманд халдвар бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-09 13:24:27

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн бүх суманд буюу 13 суманд халдварын 356 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 8353 боллоо. Баруун-Урт, Сүхбаатар суманд хамгийн олон тохиолдол  бүртгэгдсэн бөгөөд аймаг даяар халдварын тархалт эрчимжиж байгааг ЭМБ-аас анхаарууллаа.

Ялангуяа бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэл өндөр хэвээр байна. Одоогоор ЭМБ-д хэвтэн эмчлүүлж байгаа 537, гэрийн эмчилгээнд 1310 иргэн байгаагаас жирэмсэн эмэгтэй 41, 18 хүртэлх насны хүүхэд 213 байгаа аж.

Халдварын тохиолдол нэмэгдэх тусам хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Мөн үүнийг дагаад нас баралт ч нэмэгдэх хандлагатай байна гэлээ. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зөвлөмжийн дагуу зохих арга хэмжээг авах, ЭМБ-д хандахыг анхаарууллаа. Учир нь шинж тэмдэг илэрсэн ч хөнгөн байна гээд үл тоон олон нийтийн харилцаанд орох, ажлаа хийх зэрэг нь бусдыг эрсдэлд оруулж, халдвар тарааж байна гэдгийг хэллээ. 

Холбоотой мэдээ