Г.Баяраа: Амьдралынхаа 34 жилийг эрдэм шинжилгээний ажил хийхэд зориулсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Гомбын Баяраатай ярилцлаа.
-Эрдэм шинжилгээний чиглэлээр хэчнээн жил ажиллаж байна вэ?
-Би 1979-1984 онд ОХУ-ын Эрхүү хотын
улсын их сургуулийг агрохимич, хөрс судлаач мэргэжлээр суралцаж төгссөн.
Сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Хөдөө
аж ахуйн удирдах газарт 1984-1987 он хүртэл ажиллаад 1987 оноос
Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарт эрдэм шинжилгээний
ахлах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш одоог хүртэл 34 дэх жилдээ энэ байгууллагад тасралтгүй ажиллаж байна. Улсад 37
жил ажилласны 34 жилийг нь энэ байгууллагад
эрдэм шинжилгээний ажил хийхэд зориулжээ.
Хамгийн анх чацарганы чиглэлээр судалгааны ажил хийж байлаа. Тухайлбал, чацарганы цэцэрлэгийг
арчлан ургуулах технологи боловсруулах, чацарганы ургацад
эрдэс, бордооны янз бүрийн тунгийн нөлөөллийг судалж тогтоох
чиглэлээр судалгааны ажил хийсэн.
1992 оноос манай байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт гарч, төсөл боловсруулан хэрэгжүүлэх болсон. Тэр үед манай байгууллагын эрдэмтэн байсан шинжлэх ухааны доктор Б.Бат-Очир гуай “Чацаргана” гэх томоохон төслийг удирдан хэрэгжүүлж, би тэнд хамрагдаж судалгааныхаа ажлыг хийж явсан. Энэ судалгааны ажлын чиглэлээр жил бүр тайлан бичиж, байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж байсан.
Мөн судалгааныхаа
үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүллүүд бичиж, 1994 онд Хөдөө аж ахуйн их
сургуулийн аспирантурт элссэн. Улмаар энэ ажлаа гүнзгийрүүлэн хийж явсаар
2007-2010 онд ОХУ-ын Новосибирск хотын Хөдөө аж ахуйн их сургуульд
аспирантурт элсэж, судалгааныхаа ажлын үр дүнгээр Хөдөө аж ахуйн
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Доктор болж ирээд энэ байгууллагын захирлаар
5 жил ажилласан. Энд ажилласан 34 жилд миний бие голдуу
жимс жимсгэний чиглэлээр, тэр дундаа төрөл бүрийн жимс жимсгэний сортуудыг судлах,
турших, нутагшуулах, тэдгээрийн суулгацуудыг үржүүлэх чиглэлээр, мөн Монгол
орны байгалийн зэрлэг чацарганы нөөц, тархалтыг судлах чиглэлээр
ажиллаж ирсэн.
Анх эрдэм шинжилгээний ажилтнаар орж байсан
бол өнгөрсөн хугацаанд бүхий л шат дамжлагаар дамжиж, сектерийн эрхлэгч, эрдэмтэн
нарийн бичгийн дарга, захирал зэрэг албыг хашсан байна.
-Таны
хариуцаж хийсэн томоохон ажлууд гэвэл?
-2011-2013
онд Монгол орны газар тариалангийн баруун бүс нутагт чацаргана, үхрийн
нүдний шилмэл, нутагшсан болон ирээдүйтэй суулгац үржүүлэх технологи боловсруулах чиглэлээр
төсөл боловсруулж үүн дээрээ судалгаа шинжилгээний ажил хийж
хүлээлгэж өгсөн. Дараа нь 2015-2017 онд шинжлэх ухааны суурь
судалгааны “Их нууруудын хотгорын бүсэд таримал жимс жимсгэний сортуудыг цуглуулах,
генефонд байгуулах тэдгээрийг тарималжуулах” сэдэвт төсөл боловсруулж тэр
маань шалгарч энэ төслийн удирдагчаар ажиллаж, 3 жилийн хугацаатай төслөө
хэрэгжүүлээд шинээр 1 га талбай байгуулсан.
Энд 7 төрлийн жимс жимсгэнэ тариалсан. Тухайлбал
алим, чавга, чацаргана, үхэр нүд, улаалзгана, бөөрөлзгөнө, интоор гэх мэт таримлын эх
цэцэрлэгийг байгуулж, тэндээ эдгээр таримлуудын сортыг туршиж тарьсан. Ингэснээр 2014-2018 онд эдгээр 7 таримлын сортыг нутагшуулсан. Тэр
нутагшуулсан жимс жимсгэнийхээ сортуудын суулгацыг үржүүлж жимс
тариалдаг аж ахуйн нэгжүүд, албан газар, иргэдэд нийлүүлэн ажиллаж байна.
Энд ажиллах хугацаандаа
эрдэм шинжилгээний ажилчидтайгаа хамтраад 1 сая 500 гаруй
жимс жимсгэнийн суулгац үйлдвэрлэж, Монгол орны өнцөг
булан бүрд тараан үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан байдаг. Манайд үржүүлсэн
суулгацуудыг Монгол орны бүх аймагт, мөн олон суманд тариалж байгаа.
Сүүлийн үед манайхан жимс жимсгэнэ их
сонирхож, тариалж байна. Мөн чацаргана, үхэр нүдийг 1-5 га хүртэл талбайд
тариалж байна. Тэрчлэн алим, улаалзгана гэх мэт таримлуудыг бас
сонирхон авч байна.
Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
ажилчидтай хамтран нутагшуулсан Элизабет сортын чацаргана маань
өнөөдөр арвин ургац өгч байгаа. Манай талбайд тарьсан жимс жимсгэний сортуудын ихэнх
нь ОХУ, Сибирээс гаралтай.
-Ихэвчлэн
хойд хөршөөс жимс жимсгэний төрөл бүрийн сортыг оруулж ирж тариалдаг гэсэн үг
үү?
-Бид
ОХУ-ын Новосибирск, Барнаул, Абакан, Кызылын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй
хамтарч ажиллаж ирсэн. Бидний хамтын ажиллагаа 1994 оноос хойш маш их идэвхжиж, хамтарсан
судалгаа хийх, туршлага судлах, эрдэм шинэжилгээний хурал зохион
байгуулах зэрэгт хамтарч ажиллаж ирсэн. 2005 оноос хойш
эрдэм шинжилгээний 10 гаруй хурлыг хамтарч зохион байгуулсан. Эдгээр
хурал ОХУ-ын Барнаул, Абакан, Кызылд, мөн манайд болж, хоёр
талын эрдэмтэд оролцон, эрдэм шинэжилгээний чиглэлээр хийсэн судалгааныхаа
үр дүнг танилцуулж, бас эх орныхоо нэрийн өмнөөс гадаадад өөрсдийнхөө
судалгааны ажлыг сурталчилж, орос, англи хэл дээр танилцуулга хэвлүүлж байсан.
Эрдэм шинжилгээний ажилтны хувьд дөрвөн жилд нэг удаа аттестатчлагдаж, дадлагажигч ажилтан, дэд
ажилтан, ахлах ажилтан, тэргүүлэх ажилтан гэх мэт зэрэг дэвийг хүртэж ирсэн.
Миний хувьд өнгөрсөн 2020 онд болсон аттестачлалаар Эрдэм шинжилгээний тэргүүлэх
ажилтан гэсэн цол хүртэн ажлынхаа үр дүнг үнэлүүлсэн.
-Миний
асууж амжаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ?
-Анх
намайг энд ажилд орж байхад Шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй байсан.
Тэр үед манайх маш том хүчтэй, эрдэм шинжилгээний ажлыг жимс
жимсгэнэ, хүнсний ногооны сорт, үр үржүүлэг, үр тарианы ургамал тариалах
зэрэг өргөн цар хүрээтэй хийж байсан. Тухайн үед Улаан
толгойн чацарганы аж ахуй манайтай хамт байсан учраас
бидний судалгааны ажил шууд үйлдвэрлэлд нэвтэрдэг, томоохон хэмжээний ажил
явагддаг байлаа. Монгол орон зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Эрдэм шинжилгээний байгууллага, Улаан
толгойн чацарганы аж ахуй хоёр тийш салсан.
Тэр цаг үеэс хойш төрөөс тавих анхаарал суларсан учраас бидний судалгааны ажлын
хүрээ хумигдаж, жимс жимсгэнийн үрсэлгээ, хүнсний ногооны үр үржүүлэг
гэх мэт ажлуудыг хийж ирлээ. Гэхдээ бид энэ чиглэлээр судалгааны ажлаа
өргөжүүлэн, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллалаагаа таслалгүй
өдий хүрсэн. Бидний ажлын эцсийн үр дүн жимсний модны суулгац, хүнсний ногооны
үр үржүүлэг бөгөөд боловсруулсан технологиор маань хүмүүс хүнсний
ногоо, жимс жимсгэнээ тариалж байна.
Ийнхүү Увс аймаг төдийгүй, улс орон
даяар бидний хийсэн ажил хүмүүст хүрч байдагт бид бүхэн баяртай байдаг. Цаашдаа
манай ажил улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ жил манай орны хувьд өндөр ургацтай жил болж
байна гэж яригдаж байгаа. Нийт тариаланчдадаа өндөр ургац авахыг
хүсэн ерөөе.
-Танд
баярлалаа.