ХААИС Говь-Алтай аймагт цахим сургалтаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-25 18:44:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Говь-Алтай газар тариалан–2030” үйл ажиллагаа аравдугаар сарын 25-нд Алтай хотноо боллоо. 

Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХААИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  "Говь-Алтай Газар тариалан-2030" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох "Газар тариалан жимс жимсгэнэ" хөтөлбөрт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй ХААИС-ийн эрдэмтэн докторууд аймгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон газар тариалангийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлээ ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар болон аймгийн Засаг даргын зөвлөх Д.Батбилэг нарт гардуулан өгөв. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж аймгийн Засаг даргын санаачилсан “108 сая мод тарьж, ургуулах” аяны Техник эдийн засгийн үндэслэлийг олон нийтэд таниулан сурталчилсан юм. 

Говь-Алтай аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд мэргэжлийн чадварлаг боловсон хүчин хамгийн чухал. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуульд хүсэлт тавьсны дагуу орон нутагт нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль салбар сургуулиа МСҮТ-ийн төвийн байранд албан ёсоор нээж, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хичээллэхээр бэлтгэл ажилдаа орлоо. Одоогийн байдлаар нийт 30 оюутан бүртгүүлсэн бөгөөд төлбөрийн хувьд төв ХААИС-ийн бакалаврын ангитай ижил байх боловч оюутнууд явдал чирэгдэлгүйгээр орон нутагтаа онлайн болон танхим, практик хосолсон хөтөлбөрөөр чанартай боловсрол эзэмшиж байгаагаараа давуу талтай юм. 

Мөн энэ өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгад ерөнхий боловсролын сургуулийн багш нар болон төгсөх ангийн сурагчдад ХААИС, ХХҮГ, Боловсролын газрын хамт олон Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт мэргэжил сонголт зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгууллаа.

Холбоотой мэдээ