“Үндсэн хуулийн дугуйлан” төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 09:53:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхаглан зарласны түүхт 97 жилийн ойн баярын өдрөөр “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг албан ёсоор эхлүүллээ. 


“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын санаачилгаар эхэлж буй тус төслийг НЗДТГ дэмжин, 9 дүүрэг, 171 хороонд албан ёсоор нээв. “Үндсэн хуулийн дугуйлан” төсөл нь ард иргэдэд хууль тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох, Улаанбаатарыг эв нэгдлийн бүс болгох зорилготой.


Төслийн нээлтийн үеэр Засаг дарга Д.Сумъяабазар “Төслийн хүрээнд Үндсэн хуулийнхаа үзэл санаанд суурилан нийслэлийн ард иргэдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэх, аливаа асуудалд хуулийн хүрээнд ханддаг, хүний эрх, эрх чөлөөг хүндлэн дээдэлдэг болохыг зорьж байна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол нийслэлийн нийгэм, эдийн засгийг шинэ түвшинд гаргах, засаглалыг сайжруулах, эрх зүйн чадамжийг нэмэх үүрэг бүхий бичиг баримт болсон. УИХ-ын босгыг 27 жил даваагүй тус хуулийг энэ жил шинэчлэн батлуулсан нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүчин төгөлдөр мөрдсөний гавьяа. Цаашид Улаанбаатар хот Үндсэн хуулийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагатай хамтарч дуу хоолойгоо хүргэсээр байх болно” гэлээ.


Төслийг санаачлагч “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Эвтэй байна гэдэг нь элдэв гэмт хэрэгтэнтэй эвлэрч, хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Хүчээ нэгтгэн Монгол Улсыг мөхөөж буй, Үндсэн хууль зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэлд туйлширч хазайлгүй, хууль зүйн үндэстэйгээр тэмцэхийг хэлж байгаа юм” хэмээжээ.


Төслийг энэ сарын 26-наас 2024 оны 11 дүгээр сарын 26 хүртэл гурван үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд 1008 сургагч багш нарыг бэлтгэн, 2 дугаар үе шатанд иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох юм. Гуравдугаар шатанд төслийг дүгнэн, Үндсэн хуулийн 100 жилийн ойн хурлыг хийхээс гадна бямба гараг бүрийг үндсэн хуулийн өдөр болгон сургалт зохион байгуулах аж.


Үндсэн хуулийн дугуйлан төслийн логоны урт цацраг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 бүлгийг илэрхийлсэн бол жижиг цацраг нь 70 зүйлийг нь төлөөлөхөөс гадна дугуйлан хэлбэрээр эх орныхоо сайн сайхны төлөө нэгэн зүгт харах, Монгол Улсаа мандуулах утга санааг илэрхийлжээ. Мөн “нэгдэгтүн, сахигтун” гэх үгийг монгол бичгээр зэрэгцүүлэн бичсэн нь төр, ард түмэн хоёр хамтдаа эх орныхоо сайн сайхны төлөө үндсэн хуулийнхаа үзэл санаан дор нэгдэн, улс орноо хөгжүүлэх гэсэн санааг бэлгэджээ.


Холбоотой мэдээ