Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шүдний кабинет нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний кабинет өнөөдөр нээлтээ хийлээ.
Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг тус төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулж байгаа юм.
Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нийт 6 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж өнөөдөр ийнхүү нээж байгааг СЗТ-ийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг тодотгов. Тус төв өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай.
Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус эмнэлгийн удирдлага хамт олон оролцов.