ХААН Банк бизнес эрхлэгч 250 гаруй эмэгтэй “Дэлхийн түвшний менежер” сургалтад хамруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-20 13:47:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, хүнд сорилтын үед нөхцөл байдалдаа тохируулан уян хатан шийдвэр гаргах, тасралтгүй суралцахад нь хувь нэмрээ оруулах зорилгоор ХААН Банк Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгч, захирлуудыг “Дэлхийн түвшний менежер” сургалтад хамруулсан билээ.


Уг хөтөлбөрт оролцсон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзаж тус сургалтын талаар, мөн гарсан өөрчлөлт, үр дүн, эерэг туршлагуудынх нь талаар хуваалцлаа.




Энэ үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр уг хөтөлбөрийн талаар онцлохдоо, “ХААН Банкны зүгээс энэ жил эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж бизнесийг нь өргөжүүлэн чадавхжуулах, бизнесээ удирдаж байгаа арга барилыг нь сайжруулахад хувь нэмрээ оруулахаар бизнес эрхлэгч 250 гаруй эмэгтэйд энэхүү сургалтад хамрууллаа.

Коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед ААН эрхэлж буй захирлуудыг, бизнес эрхэлж байгаа хүмүүсийг хөгжүүлэх замаар бизнесээ илүү амжилттай, зөв удирдах арга барилд суралцуулах онлайн сургалтыг харилцагч нартаа үнэ төлбөргүй олгож байгаа нь энэ юм. Нийтдээ энэ жил 500 гаруй ЖДБ эрхлэгч энэхүү сургалтад хамрагдсаны 250 шахам нь эмэгтэйчүүд байна.

Энэхүү сургалтад хамрагдсан захирлуудын хувьд эерэг өөрчлөлтүүд маш их гарч байгаа талаар бидэнд хэлж байгаа. Харилцагчдаа дэмжиж, тэдэнд шаардлагатай, хувь хүний хөгжил, бизнесээ амжилттай удирдах олон сургалт зохион байгуулж байгаа нь эргээд тухайн банкны эрсдэлийг ч бууруулж байгаа юм. Харилцагчид нь мэдлэг мэдээлэлтэй, бизнес нь өргөжин тэлэх хэрээр банкны үйл ажиллагаа хэвийн, тогтвортой үргэлжилнэ” гэлээ.


“Дэлхийн түвшний менежер” сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид хувь хүний хөгжил, багийн ажиллагаа, багаа хэрхэн бүрдүүлэх, хэрэглэгчдээ мэдрэх гээд олон талын мэдлэг, мэдээлэл олж авчээ. Цар тахал гарч, хөл хорио тогтоож байгаа энэ үед бизнес эрхлэгч, захирлууд онлайн сургалт ямар үр дүнтэй байсан талаараа бидэнтэй хуваалцсан юм.




"Үлэмж Кашимер" ХХК-ийн захирал М.Сосордулам, "Би “Дэлхийн түвшний менежер” сургалтад хоёр дахь удаагаа хамрагдаж байна. Компаниа үүсгэн байгуулаад 16 жил болж байна. Миний хувьд энэ сургалт их үр ашигтай сургалт болсон гэж хэлмээр байна. Сургалтад хамрагдсанаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэх боломж олгосон мөн өдөр тутмын бизнесээ явуулахдаа багаа хэрхэн зохион байгуулах, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, багаа бүрдүүлж ажиллах, харилцааны соёл гээд олон төрлийн ур чадварыг хичээлээсээ сурч авсан.

Хөдөө аж ахуйн салбарын хүмүүс тэр бүр сургалтад суух боломж гардаггүй. Учир нь бид нэг бол хөдөө орон нутагт явж байдаг болохоор бүтэн сар ажлаа орхиод сургалтад сууна гэдэг хэцүү. Харин онлайн сургалт учраас бараг ажлын байран дээрээсээ сургалтад хамрагдаад, хөгжөөд, бусадтайгаа санал бодлоо солилцоод явах боломж олгосон. Сургалтаас мэдэж авсан зүйлүүдээ ажил амьдрал дээрээ хэрэгжүүлээд явж байна.

Хөдөө орон нутагт, өдөр тутмынхаа ажилтайгаа зууралдаад, өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, шинэ юм сонсож чадахгүй байгаа бидэнд энэ сургалтыг орсон нь маш өгөөжтэй хөрөнгө оруулалт болсон” гэв.




"Бортот" брэнд ХХК-ийн захирлууд Ч.Шинэбаяр, А.Туул /хувцасны загвар зохион бүтээгчид/ нар хэлэхдээ, “Бид энэ сургалтын хамгийн отгон оролцогчид байсан. “Бортот” брэнд байгуулагдаад нэг жил болж байна. Манай брэндийн алсын хараа нь байгаль дэлхийдээ ээлтэй амьдралын хэв маягыг хэвшүүлэх, Монгол өв уламжлалаа сэргээн түгээн дэлгэрүүлэх зорилготой. ХААН Банкнаас зохион байгуулсан “Дэлхийн түвшний менежер” сургалтаас олон зүйл сурч, мэдэж авлаа. Маш үр дүнтэй сургалт болсон гэж хэлмээр байна. Сургалтаар алсын хараагаа илүү тод болгох түүнийгээ хэрэгжүүлэхэд зайлшгүй байх ёстой цаг төлөвлөлт, урам зориг, стратегийн удирдагч, шилдэг баг бүрдүүлэх гэх мэт удирдах түвшний хүмүүсийн нэн түрүүнд эзэмших ёстой чухал ур чадваруудын талаар илүү гүнзгий ойлголттой болж чадсан.

Энэ сургалтын хамгийн таалагдсан бас нэг зүйл нь олон салбарын захирлууд бизнесээ яаж удирдан авч явдаг мөн тулгардаг салбар салбарын бэрхшээл, хэрхэн даван туулдаг гээд туршлага солилцсон нь сонирхолтой байсан. “Үйлдвэрлэгчид бид хэрэглэгчээ илүү сайн ойлгож, тэдэнтэй ойр байж үнэ цэнийг бүтээж өгөх чухал үүрэг хүлсэн хүмүүс юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 


Холбоотой мэдээ