Хятад улсыг Ази Номхон далайн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож байна гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-07 13:55:23

ВАШИНГТОН. /TASS/. Хятад улсын явуулж буй үйл ажиллагаа Ази Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж АНУ, Японы эрх баригчид үзэж байгаа бөгөөд ийм алхамд хамтран хариу өгөхөд бэлэн байна.


Энэ тухай хоёр улсын гадаад бодлого, батлан​​ хамгаалахын байгууллагын тэргүүн нарын цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.


“Дүрэм журамд суурилсан дэг журмыг алдагдуулах гэсэн Хятадын явуулж буй хүчин чармайлт нь бүс нутаг болоод дэлхий дахинд улс төр, эдийн засаг, цэрэг, технологийн сорилтуудыг бий болгож байгаад санаа зовж байгаагаа сайд нар илэрхийлэв. Тэд бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй үйлдлийг тогтоон барих, шаардлагатай бол хариу арга хэмжээ авахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ" гэж АНУ-ын Төрийн Департаментаас нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.


АНУ, Японы төлөөлөгчид "бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх замаар мэдээлэл солилцох ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлжээ. “Түүнчлэн сайд нар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг улам дордуулахад хүргэж байгаа, Зүүн Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагааны талаар санаа зовж байгаагаа илэрхийллээ" гэж мэдэгдэлд дурдсан байна. Талууд мөн “Зүүн Хятадын тэнгист Хятад улс цэрэгжүүлэх бодлого, албадлагын үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байгаагаа” цохон тэмдэглэжээ.


“Сайд нар Шинжаан-Уйгурын өөртөө засах орон болон Хонконгод хүний ​​эрхийг сахин мөрдөхөд тулгарч буй асуудалд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлэв" гэж баримт бичигт дурдсан байна.


АНУ, Японы төлөөлөгчид "Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдал чухлыг онцлоод, арал болон эх газрын хоорондох асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриалжээ. 


Холбоотой мэдээ