150 орчим орны зорчигчдыг Хонконгоор дамжин өнгөрөхийг хориглоно

ДЭЛХИЙД | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2022-01-11 14:04:26

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Халдварын эрсдэл өндөр орнуудын агаарын тээврийн зорчигчид Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх боломжгүй болно гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ.


Дээрх шийдвэр зөвшилцөх шатандаа байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Урьдчилсан мэдээллээр хориг нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Хонконгийн эрх баригчдын гаргасан эрсдэлтэй орнуудын жагсаалтад Сингапур, Австрали, АНУ зэрэг 150 орчим улс, нутаг дэвсгэр багтжээ.  


“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, энэ хязгаарлалт хоёрдугаар сарын 4-нд эхлэх Бээжингийн өвлийн Олимпын наадамд оролцох дипломат ажилтнууд, тамирчид, төлөөлөгчдөд хамаарахгүй байна.


Коронавирусний халдвар тархах эрсдэлийг хязгаарлах арга хэмжээний хувиар шинэ арга хэмжээ авч, цэцэрлэг, бага сургуулиудын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 14-нөөс түр зогсоохоор болсныг Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам урьд нь мэдэгджээ.


Одоогийн байдлаар БНХАУ-ын засаг захиргааны энэхүү онцгой бүсэд “омикрон” хувилбарын тархалттай холбоотой коронавирусний халдварын тав дахь давлагаа дэгдэх аюулд нүүрлээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Хонконгт эх үүсвэр нь тодорхойгүй дотооддоо халдварласан олон арван тохиолдол бүртгэгдсэн байна.


Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн эрх баригчдын захирамжаар хотын спорт, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг хоёр долоо хоног хаасан бол зоогийн газруудад 18:00 цагаас хойш зөвхөн хүргэлтээр ажиллахыг зөвшөөрсөн байна. Хязгаарлалтын энэ арга хэмжээг Хонконгт өнгөрсөн зун хэрэгжүүлж байв. 


Холбоотой мэдээ