Халдварын тохиолдлын 70 орчим хувийг омикрон хувилбар эзэлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2022-01-14 11:26:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Омикрон хувилбар дэлхийн 140 улсад бүртгэгдээд байна. ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар коронавируст халдварын 15 сая тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5 саяар нэмэгдсэн дүн гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Вирусний хувилбар тогтоох шинжилгээний үр дүнгээр дэлхий дахинаа бүртгэгдэж байгаа нийт халдварын 59 хувь нь омикрон хувилбар байгаа бол манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 70 орчим хувь нь омикрон хувилбар байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Дельта хувилбарын үед манай улсад  22 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэж байсан. Одоогоор 5300 орчим өвчтөн хэвтэж байгаагаас 35 нь нэн хүнд оноштой байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байна.

Өнгөрсөн хоногт манай улсад 2010 тохиолдол,  гурван нас баралт бүртгэгдсэн. Манай улсын хувьд вакцины хамралт, өвчилсөн хүмүүс болон бүүстер тунд хамрагдсан хүмүүсийн тоо өндөр байгаа учир харьцангуй хөнгөн хэлбэрээр явж байна. Манай улстай төстэй Их Британи зурэг улс мөн ийм нөхцөл байдалтай банйа. Тус улсад тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 13 хувиар буурчээ” гэв.



Холбоотой мэдээ