НӨГЧИГСДИЙН ТӨЛӨӨ ӨРГӨХ ХУНДАГА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2022-01-19 19:22:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


Нэгэнтээ Сартр “Аль нэгийг нь л сонгох болно: эсвэл амьдрах, эсвэл ярих” гэж хэлсэн байдаг.


Би ярихаар шийдлээ. Тэр тусмаа “Алтан цох”-ны үлгэрт итгүүлсэн аймшгийн киноны муу талын баатрын тухай. Одоо хэний талаар ярих гэж буйг минь уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж буй биз гэдэгт бат нот итгэнэм.


Оросын алдартай тэрс үзэлт зохиолч Эдуард Лимонов түүнийг “Хадгалагдаж үлдсэн дагэрротипээс харвал Гитлертэй юугаараа ч юм төстэй санагддаг” хэмээсэн байдаг. Гэвч тийм биш. Үүнийг би Булгаковын алдарт романд гардаг Армана муур шиг өөртэй итгэлтэй, зоригтойгоор эсэргүүцэж чадна. Нэгэн шөнө би өрөөндөө жаазалж өлгөсөн Эдгар Аллан Погийн зургийг ширтэж удаан суусан юм. Гаж мэт санагдах хэт өргөн дух, тал бүр зүтгэсэн үс, дээд уруулаа далдалсан хар сахал, ёр бэлэгдсэн өтгөн хар хөмсөг, бүхний хөгжилдөөн дотор ганцаардаж өнгөрөөсний илрэл болж унжсан зовхи, цэлхэрсэн, шаналангаар дүүрсэн унжуу нүднүүд… Эцэст нь Дракула гүнтэнийг санагдуулам сонгодог маягийн хувцаслалт нь надад аймшгийн, тэр дундаа хүүхэлдэйн киноны муу талын баатар шиг дүр төрхтэй санагдсан билээ. Угаас хамгийн харгис, эмгэнэлт хувь тавилантай амьдралыг ийм л дүртэй хүн туулах биз гэх бодол төрнө.


1809 онд төрсөн тэрбээр хоёрхон жилийн дараа цор ганцаар хоцорсон гэдэг. Өргөмөл эцэг Аллений эхнэр өөрт нь дурласнаас болж гэрээсээ хөөгдсөн гэх. 14 настай үеэл дүүтэйгээ дэр нэгтгэж, найз охин Виржиняийгаа 1847 онд нас барснаас хойш өгүүлшгүй их шаналанд автсан зохиолч маань “Үзэсгэлэнт бүсгүйн үхэл бол дэлхийн хамгийн яруу сайхан сэдэв” хэмээн дуу алджээ. Энэ нь гагцхүү “Вильяам Вильсон” өгүүллэгийнх нь “Би аль эртнээс цочмог араншин, ургуулан бодох чадвараараа онцгой удмын гэр бүлд төрсөн бөгөөд энэ шинжүүдийг бүрэн өвлөж авснаа хар багадаа л харуулсан юм” гэх сэтгэл зүйн онцгой төрөлх шинжтэй “Торх Амонтильядо дарс” өгүүллэгийн “Бидний эргэн тойронд байгаа нөгчигсдийн төлөө би ууя…” хэмээх уран бүтээлч Эдгар Погийн үзэл санаа, гүн хар өнгөний тунхаг мөн. Тийм дээ ч “Де Л, Омлэт гүнтэн” өгүүллэгтээ “Китс шүүмжлэлээс болж үхсэн. Харин “Андромахаас” болж хэн үхлээ дээ? Өчүүхэн амьтад! Де Л, Омлет Ортоланаас үхсэн. Апицийн сүнс минь надад туслаач!” гэж хашгирсан биз. Учир нь үхэл түүний хамгийн яруу тансаг сэдэв, өөрчлөгдөшгүй өндөгнийх нь хээ. Иймээс хамгийн яруу тансаг сэдвийг тэр бусдын яруу тансаг үхлээс л хайсан хэрэг. Энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй нэгэн жишээ бас бий. Тэр бол “Береника” өгүүллэгийн “Би яагаад гоо сайхнаас дур гутам зүйлийг, харин амар амгалангийн үндсээс уйтгар гунигийн мушилзааг олж үзнэ вэ?” гэх зовиур шингэсэн дуу хоолой юм. Гоо сайхнаас дур гутам зүйлсийг олж хардаг бол гоо бүсгүй үхэхэд тэр өөрийнхөө уйтгар гунигийн мушилзаант, жинхэнэ дүр төрхийг олж харсан хэрэг.


Ерөнхийдөө түүний өгүүллэгүүд нь хүний дотоод ертөнц, сэтгэлзүйн онцгой үзэгдлүүдийг нөмөрсөн тэнгэр мэт эцэс төгсгөлгүй үргэлжлэх хар нөмрөгөн дунд явагддаг золгүй, баатарлаг хүмүүсийн айдас цочрол, уран сэтгэмжээс төрсөн эцэс төгсгөлгүй шаналал, гүн ухааны урт бодолдоо түүртсэн суутнуудын амьдралын эссэ байдаг. Далдлагдсан хар нөмрөгөн дотор амьдралын бугшмал байдалд өөрийн оролцоогүйгээр хэнийг ч дасан зохицох чадваргүй гэдэгт итгэсэн басхүү үл итгэсэн эрхэмсэг ноёдын жүжиг ч тоглогдоно. Тэд үргэлж өөрсдийн сэтгэл зүйн дотоод зөрчил, айдсыг мэдрэх ойлгогдошгүй далдын хүч, гэнэтийн өөрчлөлт, цочролыг хайж оюуны ухааны хамгийн гаж зүй тогтлыг тайлахыг оролддог.




Харин түүний зохиолуудын дүрслэлүүдийг уншаад сэртхийсэн, гэнэт хөхөрч инээгээгүй, цочмогоор хумсаа мэрээгүй үнэнч уншигч ховор биз хэмээн бодно. “Ашерийн гэрийн мөхөл” өгүүллэгийн дүрсэлүүд хүнийг яг л ийм байдалд оруулдаг. Үүнийг эсэргүүцэж болно. Гэхдээ “Үүлс толгой дээр шахам суусан намрын бүрэнхий, ноозгой, дүлий оргисон өдрийн турш гав ганцаар гайхалтай уйтгартай газраар морио давирсаар гэгээ тасрахын үед л Ашерын гэрийг олж харлаа.., …Би орчны эгэл бааз төрх, байшинг, баргар хана туурга, нүдийг санагдуулсан хоосон цонхнууд хийгээд хатаж гандсан тачир өвс, өгөрч цайрсан, цайсан хэдэн моддыг харахад, энэ ертөнцийн бүх л мэдрэмжээс, хар тамхичин хүний мансуурал гарахад хий хөөрлийн цэнгэл нь арилж, аймшигт бодит ертөнц рүүгээ эргэн ирэх үед төрдөг сэтгэлийн уналттай зүйрлэж болох мэдрэмж надад төрлөө” хэмээн уншаад та гайхалтай сэргэлэн, цовоо зантай үлдэж чадна гэж үү? Эгшин зуур ч гэсэн цочрол, амьдралын утгагүй ээдрээ, дотоод айдсаа мэдрэлгүй байж, энэ талаар бодохгүй байж чадах уу? Үгүй л болов уу гэж би айж байна. Энэ өгүүллэгийн үг бүр Эдгар Погийн зохиолуудыг бүхэлд нь тодорхойлж чадна. “Ашерийн гэрийн мөхөл” бол бүхэлдээ түүний сонгодог яруу найраг, үнэт өв болсон өгүүллэгүүдийн цогц санаа, дүрүүдийг дотроо агуулдаг.


Манай уран зохиолын авьяаслаг яруу найрагчдын нэг Б.Одгэрэлийн орчуулсан “Улаан үхлийн баг” хэмээх Эдгар Погийн шилдэг өгүүллэгийн түүврийн өмнөтгөлд Тампагийн их сургуулийн профессор, орчин үеийн уран зохиолын нэртэй судлаач, яруу найрагч Кетрин Ван Спанкерений Погийн талаар “Сэтгэл санааны ийм этгээд хачин байдлыг нээж гаргахын тулд По галзуурал, хэт догдлолын байдалд олонтаа орсон нь лавтай” хэмээн өгүүлсэн байдаг. Яг үүнд хариулсан мэт По дээрх жишээ татсан өгүүллэгт “Дотор жихүүцэн, зүрх шимширч, янгинаад ухаан санаа мэнэрч сэтгэхүйн ямар ч эрмэлзэлээр сэтгэлээ сэргээж чадсангүй” хэмээсэн нь бий. Асар их оюун санааны туршлага хийгдсэн түүний өгүүллэгүүдийн дүр, утга санаа, далд ухамсрын биелэл, зөн совин, баатруудын эр зориг, булшнаас нь ухаж гаргаад шүдийг нь авч /Лигейя/ ухамсаргүйгээр үйлдэж буй бүхэн нь уран зөгнөлийн цоо шинэ ертөнцийг уншигчид нээж өгнө. Эдгар По бол яалт ч үгүй олон уран бүтээлчдийн ариун эцэг болон шүтэгдсэн суутан гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Кетрин Ван Спанкере “Погийн өгүүллэгүүдийн ерөнхийд нь аймшигт үлгэрүүд хэмээн тодорхойлдог” гэжээ. Үлгэр тэр ялангуяа аймшгийн үлгэрт хэн л итгэх билээ дээ. Гэтэл “Алтан цох”, “Далд орохуй хэмээх нэгэн домог”, “Хар муур”, “Улаан үхлийн баг”, “Овгос дэвхэс”, “Береника” зэрэг аймшгийн үлгэрүүдэд бүгд итгэж, Пог суутны эгнээнд оруулсан. Өөрийн үхлээр Өрнийн ертөнцийг “Хүн төрөлхтний уран зохиол дууслаа! Их утга зохиолын өлгийнх нь дэргэд Хомэр, авсных нь хажууд Борхес зогсч байлаа. Аугаа их, сохор хоёр бичээч!” хэмээн уулга алдуулсан Борхес хүртэл үлгэрт итгэгсдийн эгнээнд багтана.


Эдгар Погийн өгүүллэгийн чөтгөрийн хөлд хэвтээд царайг нь гөлрөн ширтдэг булшинд амьдардаг шилүүс… Борхесийн орчлонд үгүй ч байж мэдэх хүйтэн гянданд хоригдох “Бурхны бичээс”-ийг толбондоо нуусан ирвэс… Эдгар Погийн сүрдмээр том цайзын нууц өрөө, урт хонгил, газрын гүн дэхь бунхнууд… Борхесийн нууцлаг хонгилууд… Энэ мэтээр цааш нь олныг дурьдаж болно. Энэ жишээ юуг харуулж байна вэ гэдгийг би уг нь хэлчихсэн шүү дээ. Гэхдээ дахиад хэлье. Борхес “Алтан цох”-ны үлгэрт итгэсэн хэрэг. Тэр ялангуяа Эдгар Погийн хар хилэн өнгөний тунхагийг Борхес жинхэнэ ёсоор хүлээн авч зохиол бүтээлдээ шигтгэсэн байдаг.


Харин Погийн юу нь тэгтлээ их анхаарал татав. Ихэнх уншигчид түүний амьдрал нь зохиол шигээ нууцлаг, зовлон, шаналлалаар дүүрэн гэж хэлэх биз. Тийм үндэс бий. Гэхдээ хамгийн гол нь Погийн төрөлхийн гутранги үзэл. Нэгэн найрагч ах минь “Чи төрөлхийн гутранги үзэлтэй бол сайн зохиолч болно. Харин тэр чинь олдмол бусдын этгээд зан байдлыг дуурайх гэсэн хэлбэрдэлт бол чи хэзээ ч жинхэнэ зохиол бичихгүй” гэж хэлсэн удаатай. Эдгар По төрөлхийн гутранги үзэлтэй, хамгийн этгээд зантай болоод төлөвшчихсөн жинхэнэ зохиолч учраас л Борхес түүний хар хилэн нөмрөг доторх ноёдын жүжигт оролцож тэндээс өөрийн ертөнцийг нээсэн хэрэг юм.


Аль ч талаас нь аваад үзсэн По ийм болж төлөвшихөөс өөр аргагүй. Сүйт бүсгүй, түүнийхээс эхтэй цуг амьдарсан. Эхнэр, өргөж авсан эцэг, эзгүйд нь байж чадахгүй болтлоо өөрт нь дурласан хойд эцгийнхээ эхнэртэй нэгэн дээвэр дор байсан. Түүний амьдрал зохиол шигээ иймэрхүү гаж зүйлсээр дүүрэн. Гагцхүү тэр энэ бүхний ээдрээ, оюун ухааны тайлагдашгүй нууцыг олохоор эрэлд мордож “Улаан үхлийн баг”-ийг олсон нь юутай бахархууштай.




Түүнийг дан ганц детектив зохиолын загалмайлсан эцэгт тооцож болохгүй. Эдгар По бол үнэндээ өөрийн эд эсийн гүнд нуугдах уран сэтгэмжийн чөтгөрүүдийг бүгдийг нь сэрээж, бидний ил гаргахаас эмээдэг Фройдын тодорхойлсон “ид”-ыг зохиолынхоо баатаруудаар хамгийн гарамгай үзүүлсэн юм. Энэ бүхэн нь Погийн хүн төрөлхтнийг хайрласан сэтгэлээр бичигдсэн оюуны дээд туршилт. Харин түүний хайрласан хүн төрөлтхтөн нь нөгчигсөд бөгөөд тэдний төлөө Эдгар По “Амонтильядо” дарстай хундагаа өргөн “Аяа, би түүний надад хайртайд огтхон ч эргэлздэггүй байсан бөгөөд ийм сэтгэл зүрхийг зөвхөн онцгой маягийн хайр л эзэгнэж болохыг тааварлахад хэцүү биш сэн. Гэсэн ч үхэлтэй тулгарах үедээ л түүний хайр ямар хүчтэй байсныг төгс ойлгосон билээ” хэмээн хэлээд үг дуугүйхэн хөнтөрч орхино. Түүнийг уншсаны дараа Пог шимтэн уншдаг олон мянган уншигчдынх нь нэгэн адилаар би ч бас нөгчигсдийн төлөө торх амонтильядо дарс уухад бэлэн байгаагаа ойлгов.


Энэ бүхний эцэст би Эдгар Пог дахин уншихдаа таатай байх болно. Тэр нэгэнт улс орныг цөлмөж, улаан үхлийн багтай ирээд бүхий л айдсыг даван туулахад тусалж хүн төрөлхтнийг хар нөмрөгөн доорхи жүжгийг үзэх баатарлаг эр зоригтой болгож өгсөн билээ. Тэгээд тэр харанхуй, мөнх бус, улаан үхлийн дүрээр нөгчисдын төлөө ууж, хар хилэн өнгөтэй хязгааргүй ноёрхлоо мөнхөд тогтоосон юм. Одоо жүжигээ үргэлжлүүлэн үзэх л үлдээ. Миний яриа ингээд дуусч байна.


Нэгэнтээ Камю “Дуугүй байна гэдэг өөртөө итгэж буйн шинж” хэмээжээ.

Холбоотой мэдээ