Герман жил тутамд технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН. /Reuters/. Германы Засгийн газар хүн ам зүйн тэнцвэргүй байдал, гол салбарууд дахь ажиллах хүчний хомсдол, улс орны эдийн засагт үзүүлэх цар тахлын сөрөг нөлөө зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийн тулд жил бүр технологийн 400 мянган мэргэжилтнийг гадаадаас авч ажиллуулах хүсэлтэй байна.
Герман улсад технологийн мэргэжилтнүүдийн хомсдол маш ноцтой байгаа бөгөөд уг асуудал нь эдийн засгийн хөгжлийг удаашруулахад хүргэсэн гэж Либерал Ардчилсан намын тэргүүн Туре хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр хэлэхдээ, “Бид зөвхөн орчин үеийн цагаачлалын бодлогоор л боловсон хүчний насжилтын асуудлыг хянан зохицуулж чадна. Манай улс гадны улс орнуудаас авч ажиллуулж буй технологийн ажилтан, мэргэжилтнүүдийн тоог нэн даруй 400 мянгад хүргэх ёстой” гэв.
Хамтарсан Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Социал демократ нам, Либерал Ардчилсан нам болон Ногоон намууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 12 евро байхаар тохиролцсон нь хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлж өгчээ.
Германы эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн тооцоолсноор, энэ онд тус улсын ажиллах хүч 300 мянгаар цөөрнө гэжээ. Учир нь шинээр ажилд орж буй ажилтнуудаас тэтгэвэрт гарч буй ажилтнууд илүү олон байгаа юм.
Энэ байдлаараа 2029 он гэхэд энэхүү зөрүү нь 650 мянгад хүрэх ба 2030 он гэхэд тус улсад хөдөлмөрийн насны хүн амын хомсдол 5 саяд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Олон арван жилийн турш төрөлтийн хувь бага, тэнцвэргүй цагаачлалын бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд ийм байдал үүссэн гэжээ.