Б.Солонгоо: Хөгжлийн банкнаас төрийн өмчит 10 гаруй компани зээл авсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2022-02-09 14:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Монголбанк, Хөгжлийн банк, АТГ-ын удирдлагууд оролцож, тус банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл өгсөн байна. Уг мэдээллийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоос тодрууллаа.


-Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнх хувийг 2016, 2017 онд олгосон байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр зээлдэгч нар хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх вий гэсэн хардлага нийтийн дунд байна.


-Засгийн газар зээлийг төлүүлэх талаар шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлнэ хэмээн Ерөнхий сайд өнөөдөр хэлсэн. Шүүхийн шатанд олон хэрэг байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд төгрөгийн асуудал шүүхийн шатанд байна. Бид шүүхээс шийдвэр хурдан гаргах, шийдвэрийг шуурхай хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр ял завшдаг асуудлыг анхаарах шаардлага бий. Хөгжлийн банкнаас АТГ болон бусад хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.


-Банкны актив удирдлагын тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?


- Засгийн газар өнөөдөр уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Энэ төслийг боловсруулах саналыг Хөгжлийн банк гаргаж байгаа.


-Хөгжлийн банкны нийт зээлийн хэдэн хувь нь чанаргүй байна вэ?


-Нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй. Энэ банкнаас зээл авсан бүх аж ахуйн нэгж зээлээ төлөхгүй байгаа юм биш. Нийт 3 их наяд төгрөгийн зээлийн багцын 55 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Бүтээн байгуулалт өрнүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс авсан зарим зээлдэгч эргэн төлөлтийн графикаа зөрчсөн тохиолдол ч бий. Банкны удирдлагууд эдгээр компанитай тогтмол уулзаж, эргэн төлөлтийн графикын талаар санал солилцож байгаа.


-Хөрөнгө барьцаалахгүйгээр авсан зээл бий юу?


-Огт хөрөнгө барьцаалахгүйгээр авсан зээл байхгүй. Зарим аж ахуйн нэгж авсан зээлээрээ төсөл хэрэгжүүлээд, түүнийхээ үр дүнд бий болсон дансны орлого, эргэлтийн хөрөнгийг барьцаалсан асуудал бий. Зээлдэгч бүр дээр Хөгжлийн банк үнэлгээ хийж байгаа. 


-Хөгжлийн банкнаас зээлээр барьсан орон сууцны гэрчилгээ гарахгүй байна гэдэг мэдээлэл бий?


-Энэ талаар бидэнд мэдээлэл, танилцуулга ирээгүй. Нөгөө талаараа АТГ-аас шалгаж байгаа асуудлын талаар тус газраас мэдээлэл авсан нь дээр. Түүнчлэн Хөгжлийн банкнаас төрийн өмчит 10 гаруй компани зээл авсан. Тухайлбал, Төрийн орон сууцны корпорац 300 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Засгийн газраас төрийн өмчит компаниудыг авсан зээлээ ямар нэгэн зөрчилгүйгээр эгүүлэн төлөхөд анхаарч ажиллахыг холбогдох яамдад үүрэг болгосон.


-Хөгжлийн банкны удирдлагуудыг өөрчлөх асуудлыг ярьсан уу?


-Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг 2021 оны наймдугаар сард шинээр томилсон. Шинэ удирдлага чанаргүй зээлд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. 2021 оны 8 сараас хойш нийт 12 зээлдэгчийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн байна. Гүйцэтгэх удирдлагыг солих асуудлыг яриагүй.


-Ам.долларын зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Ам.долларын зээл авсан аж ахуйн нэгж ханшийн зөрүүнээс үүдэн алдагдал хүлээсэн тохиолдол бий. Гэхдээ нэгэнт гэрээ байгуулж зээл авсан л бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Зарим аж ахуйн нэгж Хөгжлийн банк ханшийн алдагдлыг хуваалцах ёстой гэсэн санал гаргаж байсан юм билээ. Гэхдээ банкны ТУЗ энэ асуудлыг хүлээж аваагүй.

Холбоотой мэдээ