Педро Родригес: Би Цэндээг ялах зорилготой Монголд ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-13 17:08:25

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүй яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар аваргын төлөөх тулааныг анх удаа орондоо хийх гэж байна.


Тулаан энэ сарын 15-ны бямба гарагт болох бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч Мексикийн тамирчин Педро Бернал Родригес нээлттэй бэлтгэл хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Юун түрүүнд Монголд ирсэн сэтгэгдлийг тань хуваалцаж болох уу?

-Монголд ирсэндээ маш их баяртай байна. Монголын ард түмэн их найрсаг юм, сэтгэл тун хангалуун байгаа шүү.

-Цаг агаарт хэр дасаж байна вэ. Монголын уур амьсгал танд нөлөөлж байна уу?

-Ер нь хэт хүйтэн нөхцөлд ажиллах хэцүү. Өмнө нь -30 хэмийн хүйтэнд бэлтгэл хийж байлаа. Тиймээс энэ удаа харьцангуй гайгүй байна. Монголын цаг агаар надад маш тааламжтай хүлээж авлаа гэж бодсон. Айхтар хүйтэн алга. Тиймээс уур амьсгалд гайхалтай дасан зохицож байгаа гэж хэлье дээ.


-Та хэр их жин хасдаг тамирчин бэ. Ядарч байна уу?

-Би огт ядраагүй. Яагаад гэвэл жингээ маш сайн барьдаг, формоо сайн хадгалдаг учраас жин хасах гэж зовдоггүй.

-Бэлтгэлээ бүрэн хангасан уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Би улсдаа маш сайн бэлтгэл хийсэн. Би Цэндээг ялах зорилготой Монголд ирсэн учраас бэлтгэлээ 100 хувь хангаад, тулаанд бэлэн болсон байна.


-Цэндээг нутагт нь ялна гэдэгт итгэлтэй байна уу?

-Ялна аа, ялахын төлөө л ирсэн. Би өөртөө маш их итгэлтэй байна. Энэ тулаанд ялбал дараачийн бүсний төлөөх тулаанууд миний өмнө нээлттэй болох байх. Миний зорилго, мөрөөдөл бол дэлхийн аварга болох. Мэргэжлийн боксын ертөнцөд бусдын анхаарлыг татаж, нөлөөлөгч байхыг хүсдэг. Энэ спортын сахилга батыг олон хүнд мэдрүүлэхийг хүсэж байна.

-Өрсөлдөгчдөө зориулж ямар төлөвлөгөө зохиов?

-Ямар нэгэн зүйл төлөвлөөгүй. Рингэн дээр гарсан хойно л намайг мэдэх боломжтой.

-Цэндбаатарыг судалсан биз дээ?

-Тулааны арга барил нь надтай адилхан юм билээ. Маш хүнд тулаантай, ширүүн стильтэй, довтолж тулалддаг тамирчин байсан. Яг л над шиг. Тиймээс бид хоёрын тулаан төстэй байх болов уу.

-Та тулааны спортод хэдэн настайдаа хөл тавьсан бэ?

-Найман настайгаасаа л хичээллэсэн.


-Маргааш жингээ үзүүлж, Цэндээтэй халз нүүр тулна. Та сандарч байна уу?

-Сэтгэл их хөдөлж байна. Харин сандарсан зүйл байхгүй. Би угаасаа сэтгэл хөдлөл ихтэй тамирчин. Тулааныг тэсэн ядан хүлээж байна. Мөн маргаашийн уулзалтыг ч тэсэж ядан хүлээж байгаа шүү. Эцэст нь хэлэхэд, Монголд боксын спортоор хичээллэдэг залуус олон байгаа байх. Энэ гайхалтай спортоор хичээллэж, биеэ хэрхэн зөв авч явах, тулааны спортын гайхамшгаас мэдэрч, элдэв хорт зуршлаасаа салаарай гэмээр байна.


Ташрамд дурдахад, маргааш “Баянгол” зочид буудалд хоёр тамирчин жингээ үзүүлж, нүүр тулна. Харин тулаан нөгөөдөр “Аса арена”-д болох бөгөөд энэ үеэр нийт Монголын шилдэг долоон боксчин гадаадын шилдгүүдтэй халз тулалдах юм. 













Холбоотой мэдээ