Төрийн худалдан авалтад эко бүтээгдэхүүн, үйлчилгээг урамшуулж дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-10 17:36:57

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд төр, засгаас ногоон санхүүжилт, ногоон худалдан авалтыг дэмжих бодлого барьж байна.

Төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэлд энэ талаар хэрхэн тусгаж буй талаар Монгол Улсын Шадар сайдын төрийн худалдан авах ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Энхбаяраас тодруулав.

Тэрбээр төрийн худалдан авах ажиллагаанд ногоон худалдан авалтыг дэмжихэд тодорхой хөшүүрэг бий болгох тал дээр хуулийн ажлын хэсэг ажиллаж буйг дуулгалаа.

Тодруулбал, тендэрт оролцогч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлбэл, ногоон технологийн шийдэл санаа дэвшүүлвэл, дахин боловсруулсан эко бараа, материал ашиглавал тодорхой байдлаар давуу эрх олгох, төрийн байгууллагууд ногоон худалдан авалт хийсэн тохиолдолд мөн урамшуулж, дэмжих зэргээр хуулийн төслийг боловсруулж байна гэв.




Жишээ нь, төрийн байгууллага албан хэрэгцээндээ цахилгаан автомашин худалдан авлаа гэхэд төрийн албаны автомашины явах норм буюу лимитийг сунгах зэргээр дэмжинэ. Мөн өдөр тутам хэрэглэдэг бичгийн цаасыг эко буюу дахин боловсруулсан байдлаар хэрэглэвэл тодорхой хэмжээгээр урамшуулж, дэмжинэ. Ийм тогтолцоог цаашид зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж байж байгаль орчинд ээлтэй, Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтыг хангахуйц үйл ажиллагааг ногоон худалдан авалтаар нэвтрүүлж чадна хэмээн харж байна.

-Одоо үйлчилж буй Төрийн худалдан авалтын тухай хуульд ногоон худалдан авалтыг хэрхэн дэмжиж, яаж зохицуулж байгаа вэ?

-Өнөөдөр үйлчилж буй хуульд хог хаягдлыг дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн бараа, бүтээгдэхүүн, энэ төрлийн ажил, үйлчилгээг нийлүүлэх бол 5-10 хувийн хөнгөлөлт үйлчилж байгаа.

-Ногоон худалдан авалт дээр ААН-үүдийг хэрхэн хамруулах вэ?

-Компани, ААН-үүд тендэрт оролцохдоо байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болголоо гэхэд өрсөлдөж буй үнэд хөнгөлөлт үзүүлж, бусад оролцогч, өрсөлдөгчөөс давуу эрх олгох зарчмыг нэвтрүүлнэ. Жишээ нь, түрүү дурдсан санал болгож буй эко болон бензин хөдөлгүүрт автомашин үнийн хувьд ижил байлаа гэхэд цахилгаан машиныг илүү хямдаар тооцох аргачлалыг шууд нэвтрүүлнэ гэв.

Холбоотой мэдээ