Майкл Клечески: “Тэрбум мод” хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг их том санаачилга

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-03-29 13:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-д олон улсын байгууллагын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар оролцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон санхүүжилтийг бүрдүүлэх талаар болж буй тус хэлэлцүүлэг, манай улсад өрнөж буй “Тэрбум мод” хөдөлгөөний талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийн сэтгэгдлийг хуваалцлаа.


-Бүх нийтээр “Тэрбум мод” тарих Монгол Улсын санаачилга, хөдөлгөөнийг та хэрхэн үзэж байна?

-Энэ бол маш зөв зүйтэй зүйл. Уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр болохуйц хөдөлгөөн гэж үзэж байгаа. Миний үзэж буйгаар, ач холбогдол бүхий хоёр давуу тал агуулагдаж байна. Нэгд, цаг уурын, уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монгол оронд бус, дэлхий нийтэд нөлөөлж буй. Үүний эсрэг үйлсэд хүмүүсийг уриалан дуудаж, идэвхжүүлж буй нь өөрөө сайн зүйл, их том санаачилга юм. Хоёрт, энэхүү хөдөлгөөнийг би бодитой хэрэгжих үйл ажиллагаа гэж үзэн хүлээн авч байгаа. Уур амьсгалыг өөрчлөлтийг бид олон улс орныг хамруулсан байдлаар, нийтийн хүчин чармайлтаар даван туулна.

-АНУ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар арга хэмжээг авч байна вэ?

-АНУ-ын хувьд энэ чиглэлд зөвхөн Засгийн газрын хэмжээнд бус олон нийт, ТББ-ууд, хувийн хэвшил болон ард иргэдийг хамарсан ихээхэн хүчин чармайлтууд гаргаж байгаа. Уг асуудалд хөрөнгө оруулалт, олон талыг харсан төлөвлөлтөөс авхуулаад цогц шийдэл хэрэгтэй.

Мэдээжийн хэрэг асуудлыг шийдэх нь аливаа нэг орны ганцаараа хийж чадах зүйл биш. Тиймээс өнөөдрийн энэ Монголд зохион байгуулж буй чуулган, үйл ажиллагаанд адил олон улсыг хамруулж, анхаарлыг нь энэ зүгт чиглүүлсэн хурал, хэлэлцүүлгийг тогмол зохион байгуулж олон талын яриа хөөрөөг хийх нь оновчтой шийдэл олж, цаашлаад ногоон санхүүжилтээс аваад уур амьсгалын эсрэг хийж буй бусад үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй.


-Улаанбаатар хотын хүн амыг цэвэр усаар хангах Мянганы сорилын корпорацаас хэрэгжүүлж буй төсөл ямар явцтай байна вэ. Энэ нь ногоон санхүүжилтийн төслийн нэг хэлбэр гэж үзэж болох уу?

-Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хэрэгжүүлж буй Усны компакт гэрээний төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих юм. Аливаа томоохон төсөл хэрэгжихэд бэлтгэл ажлыг хангах нь чухал байдаг. Ус гүн цэвэршүүлэх энэ үйлдвэрийн төсөл ийм үе шатыг туулж байна. Төсөл хэрэгжих дөнгөж нэг жилийг бид өнгөрүүлээд байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа мөн дэмжин гаргаж, өнгөрсөн жил бид хамтдаа үйлдвэрийн шав тавих ёслолд оролцсон.




Хүн амыг цэвэр усаар хангах энэхүү үйлдвэрийн төсөл нь дан ганц нэг үйлдвэр барихдаа бус юм. Зэрэгцээд бид энэхүү төслийн хүрээнд тендер шалгаруулалт, гүйцэтгэл хэрэгжүүлтэд компани, ААН-үүдийг нээлттэй, шударгаар оролцуулах гээд нөгөө талдаа Монголд авлигагүй, авлигын эсрэг хамтын ажиллагааны, сайн засаглалыг нийгэмд бүрдүүлж бэхжүүлэх ач холбогдол бүхий зорилготой юм. Төслийн хэрэгжилт одоогоор сайн явж байна.


Цаг агаарын нөхцөл байдал, цар тахлаас хамаараад өнгөрсөн өвөл үйлдвэрийн барилгын ажлын явц удаашрах зэрэг бэрхшээл гарсан ч бэлтгэл ажил сайн хангагдан гэрээ хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын усны хангамжийг цогцоор шийдэж, усны хангамжийн тогтолцооны шинэчлэлийг хийх чухал ач холбогдолтой төсөл юм. Дамжуулах шугам сүлжээний зураг төслийг бэлтгэх зэрэг ажил хугацаандаа урагшилж байгаа. Энэхүү компакт төсөлд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч, амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л дэмжлэгийг үзүүлж ажиллахаа илэрхийлсэнд таатай байна. 

Холбоотой мэдээ