Нэн ховордож буй борцгор хотон шувууг хамгаалах төлөвлөгөө гаргана

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2022-03-31 13:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Борцгор хотон шувууг хамгаалах хэлэлцүүлгийг Зэрлэг амьтдыг судлан хамгаалах төвөөс өнөөдөр “Корпорэйт” зочид буудалд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр зүүн Азийн сүүлчийн борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах талаар байгаль хамгаалагч нар, шувуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд ярилцлаа.

Монгол орны баруун бүсэд зусаж үрждэг борцгор хотон шувуу (pelecanus crispus) нь манай орны хувьд хамгийн цөөн тоотой үлдсэн, Амьтны тухай хуулиар “нэн ховор” ангилалд орсон, олон улсад Зүүн Азийн хамгийн ховор усны шувуу гэдгийг Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн тэргүүн, шувуу судлаач Н.Цэвээнмядаг танилцууллаа. Хэдий тийм боловч манай улс уг шувууг хамгаалах менежментийн төлөвлөгөөгүй явж иржээ.



Cудалгааны материалаас үзэхэд, 1990-ээд оны сүүлчээр Монголд 200 орчим борцгор хотон бий гэж тооцоолж байжээ. Гэвч 2000 оноос хойш эрс ховордож, 2005 оноос үүрлэж, зусдаг нутагтаа цөөн тоогоор эргэн ирэх болсон байна. 


Борцгор хотон манай орны баруун бүс нутагт Их нууруудын хотгорын Хар-Ус, Хар, Айраг, Хяргас зэрэг томоохон нууруудад тархан үрждэг байсан бол, сүүлийн 20 гаруй жилд тоо толгой нь эрс цөөрч зөвхөн Хар-Ус, Айраг нууруудад цөөн тоогоор үржих болжээ. Хар-Ус нуур нь дэлхий дээрх борцгор хотонгийн зүүн Азийн популяцийн үржлийн чухал нутаг юм. 




Хамгийн сүүлд, 2019 оны 7 дугаар сард “Зүүн Азийн борцгор хотонг хамгаалах” талаар олон улсын зөвлөлдөх уулзалтыг Ховд аймагт зохион байгуулжээ. Дээрх уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хотон шувууг хамгаалах үйл ажиллагааг хэлэлцэж, тодорхой зөвлөмж гаргасан байна. Үүний нэг нь монгол орны баруун хэсэгт үлдсэн үржлийн колонийг хамгаалах үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөг боловсруулах явдал байв. Гэвч тухайн үйл ажиллагаа гүйцэтгэлгүй явж иржээ. Тиймээс энэ удаагийн уулзалтаар, юуны өмнө манай орны хэмжээнд хотонг хамгаалах талаар талууд нэгдсэн ойлголтод хүрч, улмаар хамгаалах ажлын төлөвлөгөөг батлах талаар хэлэлцэв.




Борцгор хотон шувууг хамгаалах талаар Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн замналын түншлэл (EAAFP), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN Pelican Specialists Group)-ны хотонгийн мэргэжилтнүүдийн Ажлын хэсэг, манай улсын БОАЖЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-тай хамтран ажиллаж байна. Ялангуяа, Хар ус нуурт борцгор хотонд хиймэл үүр байгуулан үржил, нүүдлийг судалж буйг Монголын шувуу хамгаалах төвийн мэргэжилтэн Г.Амархүү өнөөдөр танилцуулав.




Мөн Волт Диснейн байгаль хамгаалах сангаас санхүүжилж буй “Борцгор хотонг хамгаалах төсөл”-ийг манай улсад хэрэгжүүлж буй талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн мэргэжилтэн Б.Нямбаяр танилцууллаа. Манай улсад борцгор хотон шувууг хууль бусаар агнаж хошууг нь авч худалдах, ялангуяа нийгмийн сүлжээгээр энэ талын зар тавьж, хил дамнан наймаалах зөрчил их гардаг нь уг шувууг ховордоход хүргэж буйг мөн хөндлөө. Нэн ховордсон уг шувууг агнавал 13 сая төгрөгийн торгууль төлж, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг аж. 


Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн танилцуулснаар, 60-80 борцгор хотон шувуу манай орны баруун талаар үүрлэн нүүдэллэж зусаад, БНХАУ-ын зүүн хэсгийн далайн эрэг орчмоор өвөлждөг байна.  1970-аад оны үед манай улсад 400 гаруй борцгор хотон нүүдэллэж байжээ. 







“Монгол орны борцгор хотон шувууг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” уулзалт хэлэлцүүлгийг БОАЖЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF Mongolia) хамтран зохион байгуулж, Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн замналын түншлэл (EAAFP), Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN Pelican Specialists Group)-ны хотонгийн мэргэжилтнүүдийн Ажлын хэсэг, Монголын Шувуу хамгаалах төвийн мэргэжилтнүүд оролцлоо. 


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ