БХЯ: “Тэрбум мод” хөдөлгөөнөөр мод үржүүлгийн 9 газар байгуулж 27 сая мод тарина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-21 17:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ “Тэрбум мод” хөдөлгөөний нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтэд ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, бусад албаны хүмүүст Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн төлөөлөгч, хошууч Г.Баяр-Өлзий “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зэвсэгт хүчний анги салбар, нэгтгэл мод тарьж ургуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг бэлтгэл ажлыг бүрэн хангаад буйг мэдэгдлээ. Тус ангийн Цацраг хими, биологиос хамгаалах албаны дарга, экологич, ахмад К.Хайрат хэлэхдээ, “Бид “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 6 ажил төлөвлөсөн. Үүний нэг нь Зүүнбаян-Тавантолгойн чиглэлийн 416 км газар төмөр замын хамгаалалтын зурваст эхний 2-3 жилд 16 сая модыг, шат дараалалтай тарж ургуулах үүрэг хүлээгээд байгааг илтгэж байв.




Мөн Дорноговь аймгийн Мандах суманд 53 мянган га газарт 53 сая загийн тарьц суулгацыг тарихаар төлөвлөж буйг хэлж байв. Дээрх хоёр үндсэн зорилгын хүрээнд Дорноговь аймгийн Сайншандад 30 га газрын мод үржүүлгийн газрыг бэлтгэн зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн барьж байгуулаад байна гэв. Энэ нь батлан хамгаалахын салбарт нийтдээ мод үржүүлгийн 9 газар байгуулж байгаагийн нэг нь юм гэдгийг тэрээр тодотгов. Төмөр замын трассын дагуу байгуулах ойн ногоон зурвасыг Зэвсэгт хүчний 336 дугаар анги мөн хариуцан байнга харж мэргэжлийн хүмүүсийн хамт арчилж ургуулах аж.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийж буй, хийхээр төлөвлөж буй ажлын талаар бид Батлан хамгаалалын сайд Г.Сайханбаяраас тодруулбал, “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилээс хойших хугацаанд 7 анги, салбарт мод үржүүлгийн газар байгуулж эхэлсэн. Үүнээс 2 нь хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна” гэв. Тэрээр, “Түргэний голын дэргэд, хурдны замын урд талд манай 13 га газар бий.

Тэнд Ерөнхийлөгчийн нэрэмжит мод үржүүлгийн төв байгуулсан. Энэ төвөө орон тооны ажилтан, мэргэжилтэнтэй болгосон. Төв байгуулах нэг ажил. Хамгийн гол нь үржүүлгийн газарт ажиллах, улмаар бусад газарт мод тарьж ургуулахад мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх нь чухал байдаг.




Үүний дагуу зэвсэгт хүчний бүх анги, салбарт эко хөдөлгөөн өрнүүлж, энд уг ажлыг гардан хийх цэргийн 1000 албан хаагчийг анхан шатны мэдлэгтэй болгоод байна. Мөн ойжуулах ажлын 100 мэргэжилтэнг бэлтгэсэн. Эдгээр хүмүүсийн үйл ажиллагаа, дээрээс нь бие бүрэлдэхүүнийхээ хүчээр тэрбум мод хөтөлбөр, хөдөлгөөний хүрээнд бид 2030 он хүртэл батлан хамгаалах салбарын хүрээнд 25-27 сая мод тарьж, ургуулна. Дээр нь мөн Тавантолгой төмөр замтай хамтраад бид Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу ойжуулалт, ногоон зурвасыг хийнэ.

Энэ ажлын хүрээнд ойжуулалтын, үрслүүлэлтийн төв байгуулж байна. Ирэх сард Дорноговь аймагт нээлтээ хийнэ. 420-иод км зам дагуух ойжуулалтыг иж бүрэн хийх юм. Өмнө нь төмөр замын бүтээн байгуулалтыг хийж оролцохдоо төмөр замын дагуу 40-өөд худаг, ус гаргаж орон нутагт хүлээлгэж өгсөн. Үүнийгээ ойжуулалт, ногоон зурвасын усалгааны систем болгон ашиглах зэргээр олон ажил төлөвлөн эхлээд байна.




Мөн зэвсэтг хүчний хэмжээнд, офицер, ахлагч нарын хувийн эзэмшлийн хашаа, хороолол болон зуслангийн газарт өмчлөлтэй хүмүүсийн бүртгэл тоог гаргаж, айл өрхийн хашаанд мод тарьж ургуулахыг дэмжиж үнэ төлбөргүйгээр модны үрсүүлэг нийлүүлж, зэвсэгт хүчний албан хаагчид мод тарих юм.

Түүнчлэн салбарын хэмжээнд жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч энэ талын сургалтыг зохион байгуулж, хэд хэдэн аймагт чацарганы төгөл байгуулж байгаа. Хялганатын анги дээр 5 мянга гаруй чацарганы бут тарьж ургуулаад байна, Ховд, Баянхонгор аймагт жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байна гэв.




Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ