Цэрэг спортын “Дөл” тэмцээнийг хоёр үе шаттай, 14 төрлөөр зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2022-05-09 11:32:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын 5 сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа нь сурагчдад цэрэг, эх оронч хүмүүжил олгох, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгах, цэргийн анхан шатны мэдлэг  олгох зорилготой юм.

Тэмцээнийг Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн тусгай хамгаалалттай газрын районд зохион байгуулж, марш тактик, гүйлтийн тэмцээн, гарааны өмнөх ажиллагаа гэсэн хоёр үе шаттай, 14 төрлөөр зохион байгуулсан байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, гүйлтийн цагийн шүүгчээр БТСГ-ын мэргэжилтэн С.Цолмон, гараа, барианы шүүгчээр Цэргийн штабын Олон нийттэй харилцах, сургалтын офицер, дэд хурандаа Ц.Баттулга, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар байгууллагуудаас дундын хянагч шүүгчид ажиллажээ.

Тус тэмцээнд Ж.Жавхлан ахлагчтай “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн тасаг түрүүлж, Г.Галсан ахлагчтай “Цэгц билиг” сургуулийн тасаг, Э.Бат-Эрдэнэ ахлагчтай “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн тасгууд удаалж, амжилттай оролцлоо.

Цэрэг спортын “Дөл” тэмцээнийг зохион байгуулснаар мөн Монгол Улсын Батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тасгийг шалгаруулах, бэлтгэл хангах ач холбогдолтой ажээ.