“Гэр бүлийн ойн төгөл”-д иргэд 2500 мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-14 14:23:19
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өндөр хайрханы бэл Хүрэнбулагийн аманд байгуулсан Гэр бүлийн ойн төгөл-д өнөөдөр иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо мод тарилаа.

Гэр бүлийн ойн төгөл-д найман төрлийн 2500 гаруй модыг иргэдийн оролцоотой суулгаж, тарьж ургуулан эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрүүлэх, ногоон орчин бүрдүүлэх эхлэлийг өнөөдөр тавив.

Засаг дарга С.Батжаргал Баян-Өндөр уулынхаа хормойд байгуулж буй ойн төглөө арчилж хамгаалан, тав тухтай ногоон орчныг бүрдүүлэхэд гэр бүл, иргэн бүрийн үүрэг оролцоо чухал. Модыг зөвхөн тариад орхих биш, тарьсан модоо усалж, арчилж ургуулах хэрэгтэй. Мөн та бүхний тарьсан модыг мэргэжлийн байгууллага арчилгаа, усалгааг бүрэн хариуцаж ургуулна гээд хамтын хүчэээр ногоон төглөө бий болгоё гэлээ.

Гэр бүлийн ойн төгөл-ийг байгуулахад Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд цахилгааныг шийдэж, 300 ширхэг шинэс мод тарилаа. Мөн 7000 мянган ширхэг хайлаас мод тарьж ургамлан хашаа хийх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Орхон аймаг 2020-2024 он хүртэл 20 сая мод тарих зорилго тавьсан. 2022 оны хавар Ногоон Эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн оролцоотойгоор 170,000 ширхэг мод, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах аргачлалаар 750,000 ширхэг мод тарихаар төлөвлөсөн юм.

 

Холбоотой мэдээ