Баян-Өлгийн ихэнх суманд хонь, ямааны зохистой харьцаа алдагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-16 14:15:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн малчид өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 113,3 мянган толгой адуу, 181,9 мянган үхэр, 5,9 мянган тэмээ, 1 сая 13 мянган толгой хонь, 1 сая 63 мянган толгой ямаа тоолуулсан.

Үүнээс нийт сүргийн 4,7 хувийг адуу, 7,6 хувийг үхэр, 0,2 хувийг тэмээ, 42,6 хувийг хонь, 44,6 хувийг ямаа эзэлж байна.

Эрдэмтэн судлаачид бог малыг 75:25 буюу 2 хонь, 1 ямаа гэсэн бүтцээр сүргээ өсгөвөл хамгийн зохимжтой харьцаа болно хэмээн үздэг.

Судалгаанаас харахад ямааны бэлчээр ашиглалтын коэффициент нь зуны улиралд хониныхоос 26,9 хувь, намар 34 хувь илүү байдаг. Учир нь ямаа ургамлын үржлийн үе буюу ургалтын үед сорчлон иддэг. Тодруулбал, хавар цагт ургамал сэргэн ургаж байгаа үед хөрсийг малтаж ургамлын үндсийг нь сугалан идсэнээс ургамал бүрэн үхэж, хөрс гэмтэх, улмаар бэлчээр доройтох аюул тулгарч байна.

Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор сүргийн бүтцийг зохистой түвшинд барих, өвөлжөөний бэлчээрийг жил бүрийн 4 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын дунд үе хүртэл хугацаанд малын хөлөөс чөлөөлж өгөхийг судлаачид зөвлөж байна.

Гэвч Баян-Өлгий аймгийн ихэнх суманд хонь, ямааны зохистой харьцаа алдагдсаныг статистик мэдээнээс харж болох юм. Тус аймагт сүүлийн 4 жилийн хугацаанд ямааны тоо 930 мянгаас 1 сая 63 мянга болж 133 мянган толгойгоор нэмэгдсэн. Энэ нь зах зээлд ноолуурын үнэ өсөж, малчид малаас авах ашгаа улам нэмэгдүүлэх эрмэлзэлтэй болсонтой холбоотой байна.

Өнөөдрийн байдлаар Өлгий сумын бог малын 63,1 хувийг, Баяннуурт 63,8, Булганд 77,3, Дэлүүнд 55,6, Ногооннуурт 55,5, Цэнгэлд 50,6 хувийг ямаа эзэлж байгаа. Цаашид энэ үзүүлэлт улам нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

2021-2022 оны бэлчээрийн даац тогтоох фото мониторингийн судалгаагаар Баян-Өлгий аймгийн нийт бэлчээрийн 30 орчим хувьд нь даац 1-3 дахин, 20 орчим хувьд 3-5 дахин хэтэрсэн нь тогтоогдсон.

Иймээс мал сүргээ зөв бүтэцтэй өсгөх, бэлчээр нутгаа хамгаалахад малчин хүн бүр ач холбогдол өгөх цаг болсныг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ