МУБИС-ийн оюутнууд боловсролын багц хуулийн төсөлд өөрсдийн саналыг тусгах хүсэлтээ уламжиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-16 17:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутнуудад D-Parliament цахим системийг өнөөдөр танилцууллаа.


Хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэрийг гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангахад вэб, аппликейшн хосолсон уг платформын зорилго оршиж байгаа юм. D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан аливаа нийгмийн асуудлыг дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитойгоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. 


Анх 1996 онд манай улсын интернет хэрэглэгчид 500 гаран байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 2 600 000-д хүрч, хүн амын 84.7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Иймээс технологийн дэвшлийг ашиглан ардчиллыг шинэ шатанд гаргахад залуусын оролцоо, манлайлал чухал гэж УИХ-ын дарга тодотгосон юм. Тухайлбал, боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн асуудалд уг хуулийн хэрэглэгчид буюу оюутнууд зүйл, заалт бүрээр саналаа илгээж, сэтгэгдлээ үлдээх боломжтой төдийгүй эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд ч цахим хэлэлцүүлэг өрнүүлэх талбар бий.


МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнууд боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт өөрсдийн саналыг тусгах хүсэлтэй байгаагаа уламжилж байв. Мөн багш нарын цалин хөлсийг нэмэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зэрэг зохицуулалтууд хэрэгтэй байгаа гэдгийг уулзалтын үеэр оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.


Цахим платформын хөгжүүлэлт одоо ч үргэлжилж байгаа бөгөөд цаашид олон нийтийн саналд тулгуурлан илүү боловсронгуй, хүртээмжтэй болгохоор зорьж байгаа юм. Өнөөдрийн уулзалтын дараа D-Parliament аппликейшнийг гар утсандаа суулгасан оюутнууд яг одоо хэлэлцэж байгаа зарим хуулийн төсөлд саналаа өгч, хэрэглээг туршив.

Холбоотой мэдээ