Монгол-Сингапурын бизнес уулзалтад урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-16 17:25:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Сингапур Улсад суугаа ЭСЯ, Сингапурын бизнесийн холбоо, МҮХАҮТ хамтран хоёр орны бизнес уулзалт вебинар зохион байгуулах гэж байна. Хоёр орны бизнесийн салбарын хөгжлийг дараагийн түвшид гаргах чухал арга хэрэгсэл нь дижиталчлал, ногоон шилжилт гэдгийг зохион байгуулагч нар онцолж байна. Ирээдүй рүү чиглэсэн компаниуд технологийн иноваци, ногоон стратегийг ашиглан шинэ бүтээгдэхүүн бий болгож, шинэ зах зээл нээж, бизнесийн боломжоо нэмэгдүүлж, арвин их туршлага хуримтлуулсаар байна. Шинэлэг технологи нь бидний нийгэм, эдийн засагт ямагт томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн хэмээн тодотгож, хоёр орны веб-семинарын илтгэгчдээс суралцаж, хоёр улсын зах зээлд боломжит түншлэлийг бүрэлдүүлж, бизнесийнхээ шинэ үнэт зүйлсийг хамтдаа бий болгох вебинарт оролцохыг урьж байна.  

Монгол, Сингапур хоёр улс цар тахлын дараа хилийн хоригоо бүрэн цуцалж, хоёр улсын хооронд олон улсын худалдаа, бизнесийн харилцааг сэргээх боломжийг бий болгож байна. Ойрын хугацаанд хил дамнасан худалдаа, бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэх төлөвтэй, боломжоор дүүрэн харагдаж байна гэдгийг тодотгов. Хоёр орны бизнес уулзалт вебинарт:

  • Монгол, Сингапурын бизнесийн боломжуудыг судалж буй компани ААН;
  • Худалдаа, аж үйлдвэрлэл, зочид буудал, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжүүлэгч, бусад;
  • дижитал гарааны компаниуд;
  • ногоон шийдэл санал болгогчид оролцох аж. 
Холбоотой мэдээ