Мангиртын 1,5 км засмал зам ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:52:39

Дархан сумын 15 дугаар багийн нутаг хотын алслагдсан гэр хороолол болох Мангиртын 10 дугаар хэсэг хүртэлх 1,5 км шороон замыг засч өгөөчээ гэдэг саналыг тус хэсгийн иргэд сум орон нутгийн удирдлагуудад удаа дараа гаргажээ.

Иргэдийн энэ хүсэлтээр уг замыг засварлах гэхээр хөрөнгө мөнгө нь төсөвт тусгагдаагүй тул Дархан сумын удирдлагууд орон нутагт бүтээн байгуулалт хийж байгаа зам барилгын “Өсөх урам” ХХК-д хандаж хамтарч ажиллах хүсэлт тавьсаныг тус компани дэмжин хүлээн авч өнгөрсөн оны 11 дүгээр сараас эажлаа эхлэж уг замыг засварлан дуусгаж сумын удирдлагуудад хүлээлгэж өглөө. Замын нээлтийн ёслолд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Засаг дарга Б.Азжаргал, тус багаас сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон С.Баатархуяг болон “Өсөх урам” ХХК-ийн захирал М.Төмөртогоо нар оролцов. Дархан сумын 15 дугаар баг нь 7000 гаруй иргэдтэй. Үүнээс 3500 орчим иргэд нь энэхүү 10 дугаар хэсэгт оршин суудаг байна. Эвдэрч элэгдэн бороо, цасны үед ус шавраар дүүрч хүн машин явахад хүндрэлтэй болдог байсан энэ замыг өөрийн хүн хүч, техник тоног төхөөрөмж хөрөнгө санхүүгээ 100 хувь гарган засч өгсөн тус “Өсөх Урам” компанийн хамт олонд багийн иргэд талархаж байгаагаа илэрхийллээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд