400 өрхийг ажилтай, орлоготой болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-19 12:50:35

Дорнод /МОНЦАМЭ/. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 400 өрхийг ажилтай, орлоготой болгоно. Тодруулбал, зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг багцлан хүргэх юм. Энэхүү арга замаар дөрвөн жилийн хугацаанд 400 өрх, иргэнийг ажилтай орлоготой болгож, амьжиргааны түвшинг тасралтгүй дээшлүүлэх зорилгоор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нэг өрх-нэг ажлын байр 2021-2024” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 100 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгож, Дорнод Политехник коллежтой хамтран 50 иргэнийг тогооч, гагнуур, нярвын сургалтад хамруулжээ. Мөн гоо сайхан, оёдлын мэргэжил дээшлүүлэх сургалтад 54 албан бус салбарт ажилтныг хамруулан, ажлын байраар хангасан гэж ХХҮГ-аас мэдээллээ.

Сонгогдсон өрх тус бүрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Олон Улсын хөтөлбөр, төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр болон сум хөгжүүлэх сангийн зээлд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ