Д.Ганбат: Гадаад өр төлөхдөө иргэдийн татварыг зарцуулах ёсгүй

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-23 12:35:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонссон байна.


Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт 33.4 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Монгол Улс 2023, 2024 онд нийт 2.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой. Энэ бүх өрийг төрөөс хууль ёсных нь дагуу төлөх ёстой бөгөөд ингэхдээ иргэдийн төлсөн татварыг зарцуулах ёсгүй гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэллээ.


Тэрбээр, “2010 онд Тажикстан улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 50 хувиас давсны улмаас БНХАУ-д газар нутгаа шилжүүлж байсан. Мөн 2017 онд Шри-Ланк улс усан боомтоо гадаад өрийнхөө зарим хэсгийг чөлөөлөх үүднээс БНХАУ-д 99 жилийн хугацаатай өгсөн. Монгол Улс ч үүнтэй ижил“өрийн хавханд” орох магадлалтай байна” хэмээв.


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дэмжих боломжгүй хэд хэдэн заалт байгааг мөн онцоллоо. Тухайлбал, Эрүүгийн хуульд “доромжлох, гүтгэх” заалт оруулахаар тусгасан байна хэмэнэ тус бүлэг үзжээ. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэнийг гүтгэсэн, доромжилсон гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулиар шийтгэх зохицуулалтыг дэмжихгүй гэдгээ тус бүлгийн удирдлагууд дурдсан юм.


Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.1, 12.1.3 дугаар заалтад “мөрдөгч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх, албадан ирүүлэх эрхтэй байх”-аар тусгасан байна. Энэ нь хууль сахиулагч шүүх, прокурорт мэдэгдэхгүйгээр өөрийн дур зоргоор иргэнийг дуудах, албадан ирүүлэх, хяналтаас гадуур үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт болно хэмээн шүүмжилсэн юм.

Холбоотой мэдээ