Шведэд буй монголын 2000 гаруй эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах боломжтой

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-24 17:29:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарт Шведийн Хаант Улсын парламент буюу Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалахлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд дэлхий дахины энэ амаргүй цаг үед урт замыг туулж Монгол оронд зорьж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр, “КОВАКС” хөтөлбөрт үнэтэй хувь нэмэр оруулсан Шведийн Хаант Улсад гүн талархал илэрхийлж, манай улсын иргэдийн дархлаажуулалтад “КОВАКС” хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.


Риксдагийн Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдестам УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монголд байх хугацаандаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл, Байнгын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж, ардчилал, хүйсийн тэгш байдлыг хангах талаар санал солилцсон гэв. Тэрбээр хэлэхдээ, манай улсад ардчилал үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд бид нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог бүхий л салбарт нэмэх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна хэмээн танилцуулав.


УИХ-ын дарга Г.Занданшатар ардчиллын 100 жилийн түүх, ардчиллын хөгжил, ялангуяа жендэрийн эрх тэгш байдал ба хууль тогтоомж, бодлого, жендэрийн эрх тэгш байдлын уялдаа холбоо, бодлогын талаарх үнэ цэнэтэй туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлье гэв. Тэрбээр, манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш, Шведийн Хаант Улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль тогтоох ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс чухал ач холбогдол өгдөг гэв. Мөн 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо. Ойн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжсэн олон ажлыг өрнүүлэх нь чухал. Тухайлбал, Шведийн Угсаатны зүйн музей болон Свен Хэдиний санд хадгалж буй 2000 гаруй монголын эд өлгийн зүйлээр Стокхолм хотноо үзэсгэлэн гаргах боломжтой гэдгийг дурдав.


Уулзалтын дараа хүндэт төлөөлөгчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочилж, Монголын хууль тогтоох байгуулагын үйл ажиллагаа, түүхтэй танилцлаа.

Холбоотой мэдээ