Тоон гарын үсэг авсан иргэн бүр үндэсний цахим шуудантай болно

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-25 12:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад энэ сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 8 100 иргэн тоон гарын үсэг авсан гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлэв.


Иргэд банкны үйлчилгээг хурууны хээгээр авдаг байсан бол одооноос тоон гарын үсэг ашиглах боломжтой болох юм. Мөн гэрээ хэлцэл хийхэд ч тоон гарын үсэг ашиглах боломжтой болж буйгаараа онцлог аж.


Энэ талаар ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, “Тоон гарын үсэг авсан иргэн бүр үндэсний үндэсний цахим шуудантай болно. И-Монголиа платформд суурилсан уг цахим шуудантай болсноор иргэд төрийн байгууллагатай цахимаар шууд харьцдаг болох юм. Ингэснээр заавал төрийн байгууллагад биечлэн очиж өргөдөл, хүсэлт, гомдол гаргахгүйгээр цахимаар харилцаад хариугаа аваад явах юм” гэлээ.


Монгол Улс цахим аюулгүй байдлаа сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, иргэд нэг нууц үгийг цахим орчин дахь бүх хаягтаа ашиглаж байгаа нь мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголт хомс байгааг илтгэж буй юм. Тиймээс Киберь аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ЦХХХЯ, ХЗДХЯ хамтран иргэд хурууны хээгээ бүртгүүлсэн супер маркет, гоо сайхны салон зэрэг байгууллагын дата мэдээллийг устгаж байгаа аж. Мөн дээрх хуулийн хүрээнд иргэд өөрийн аль мэдээлэл төрд, аль нь хувийн хэвшилд байгааг хянах боломжтой болж байгаа аж. Түүнчлэн иргэдийн мэдээллийг хамгийн их авдаг эмнэлэг, банк, оператор компаниудын мэдээллийн аюулгүй байдлыг хангахад уг хууль чухал нөлөөтэй гэдгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэв. 

Холбоотой мэдээ