Минжийн хангайд гарсан гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-05-26 16:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 2022 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 70 тохиолдол бүртгэгдээд байна. Харин өнөөдрийн байдлаар Төв аймгийн Мөнгөнморьт суманд ойн түймэр гарчээ. 

Тус сумын “Минж” гэдэг газарт /сумын төвөөс  хойд зүгт 122 км-т/ аймгийн төвөөс зүүн хойд зүгт 317км газарт Хилийн тэмдгийн чиглэлд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага өчигдөр 21.40 цагт иржээ.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангид шөнийн 01.00 цагт хүрэлцэн очсон байна.

Мөн өчигдөр 7.36 цагт Улаанбаатараас ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 загварын нисдэг тэрэг Үндэсний аврах бригадын алба хаагчдыг аван түймрийн голомт руу нисэж, Минжийн заставт буулгасан бол хоёр дахь бүлгийг Мөнгөнморьт сумаас аван Минжийн заставт хүргэжээ.

Түүнчлэн түймрийг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдсэн бөгөөд Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай байна. ОХУ талдаа шатлага их явагдаж байна. Түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан. Нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгдсэн. Алба хаагчид Минжийн заставаас мориор гол гарч, түймрийн голомт руу 1.8 км явганаар явж очно хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ