Б.Бат-Эрдэнэ: Цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар тооцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 19:19:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанд “Цөлжилт, газрын доройтол, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил” сэдвээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлэл хийлээ.



Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна. Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон бөгөөд энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна. 2021 онд цаг агаарын аюулт үзэгдэл 165, гамшигт үзэгдэл 18 удаа тохиолдсон бөгөөд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хоргодон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байгааг дурдлаа. 


Мөн Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 


Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэн, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдэрээд байна. Үүнээс олон жил орхигдсон 8000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна гэв.


Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд нэгдэн орсон бөгөөд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг 2005 онд, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012 онд тус тус баталж хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилтөд өртсөн бүс нутгийн 4338 га газарт хамгаалалтын ойн зурвас, 160 га газарт элсний нүүлтийг сааруулах байгальд ээлтэй механик хаалт хийж, 2481 булаг шандын эхийг хашиж хамгаалснаас гадна бэлчээрийн талхлагдалтад өртсөн 150 га газрыг нөхөн сэргээж, цөлжилтийн судалгааны 4 төв байгуулах ажлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ. 2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах ажлыг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж санхүүжилт буурах, төлөвлөсөн төслийн цар хүрээ, үр дүн багасах эрсдэлтэй байна гэж Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэлдээ онцолсон. 


Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөлд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах ажлын жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад  Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна. Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна гэж байлаа. 


Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2019 оны 318 дугаар тогтоолоор баталсан “Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон ногоон хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хөрсний бохирдол, элэгдлийг бууруулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зорилт тусгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирж суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Улмаар суурьшин ирж газруудын дэд бүтцийн хүртээмж муу, төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдоогүй зэрэг хүндрэлээс шалтгаалж стандартын бус нүхэн жорлонтой айл өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж, энэ нь хөрсний нянгийн бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 200 мянга гаруй, орон нутгийн төв, суурин газарт 121 мянга гаруй өрх сайжруулах шаардлагатай нүхэн жорлонтой, мөн улсын хэмжээнд 819 ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэг нүхэн жорлонтой, үүнээс нийслэлд долоон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон нутагт 360 орчим сургууль нүхэн жорлонтой байгааг онцолсон. 


Шинжлэх ухааны академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрдэмтдийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу болон шингэн хог хаягдал нь өнгөн хөрсний нянгийн бохирдлын гол эх үүсвэр болдог бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг экогеохимийн судалгаагаар 360 цэгээс хөрсний сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн. Мөн нүхэн жорлонгийн ойр тойронд 10-12 метрийн радиуст энэ бохирдол хамгийн элбэг тархаж, хүний хөл, салхиар зөөвөрлөгдөн орчинд тархдаг бөгөөд бохирдол нь хөрсний гүнд 6-10 метр хүртэл нэвчсэн болохыг нүхэн жорлонгийн орчимд хийсэн өрөмдлөгийн дээжээс илрүүлсэн. Улаанбаатар хот газрын гадаргын хувьд уулархаг бөгөөд гэр хороолол нь газрын өндөрлөг хэсэгт байрладгаас энэхүү бохирдол үерийн усаар зөөвөрлөгдөх, голын сав дагууд гүний усанд нэвчиж, ундны усыг бохирдуулах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын хөрсний 4.1 хувь нь сул, 25.7 хувь нь дунд зэрэг, 70.1 хувь нь хүчтэй эвдэрч доройтсон, мөн хот, суурин газрын хөрсөн дэх хүнд металлуудын агууламжийг бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 48-76 хувиар их байна. Хөрсний нянгийн бохирдолт 88 хувь, органик бохирдол 52.6 хувь, шивтэрийн бохирдол 88.4 хувь, сульфатын бохирдол 72 хувь байна. Мөн улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг байгаа нь хөрсний бохирдлын үндсэн шалтгаануудын нэг болж байгаа юм. Гэр хорооллын нүхэн жорлон, аялал жуулчлалын бааз болон худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 2019-2021 онд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гэр хороололд 3650 ширхэг нэвчилтгүй бетонон суурь бүхий стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгууллаа. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчимд хөрсөнд нэвчилтгүй ариун цэврийн байгууламж барьж, нуурын орчмын хөрсний болон газрын гүний усны бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлсэн гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд танилцуулгадаа дурдсан. 


Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлыг 2019 оноос эхлэн Хаан банк, Төрийн банк, Хас банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа иргэдэд орон сууцны байшингийн дулаалга, сайжруулсан зуух, эко ариун цэврийн байгууламж худалдан авахад болон аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагад хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж суурилуулах зэрэг нийт 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнд жилийн 9 хүртэл хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхлээд байгааг дурдаад уг зээлд 2021 онд гэхэд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсвөөс санхүүжүүлсэн гэлээ.

Холбоотой мэдээ