Б.Батцэцэг: Монгол, Польш улс Тавантолгой ДЦС-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-06 12:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын 2022 оны дарга Збигнев Рау нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.


Энэ үеэр Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаа идэвхтэй өрнөж байгааг талууд онцолж, хоёр талын хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар санал солилцсон гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэлцээний талаар хэвлэлийн хурал хийхдээ онцлов. Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, цахим хөгжил, боловсрол, соёл урлаг, байгаль орны салбарт өргөжүүлэх талаар ярилцсан байна. Мөн ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын талаар санал солилцож, хоёр орны харилцааг шинэ агуулгаар баяжуулахад айлчлал чухал нөлөөтэй гэдэгт санал нэгдсэн гэдгийг дурдлаа.


Тэрбээр, “Хэлэлцээний үеэр хоёр орны худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг онцолж, түүнийг эрчимжүүлэх “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Монгол, Польшийн Засгийн газрын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Польш улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа сэргээн байгуулсныг бид сайшааж, энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй иргэдийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг онцоллоо. Эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх зорилготой “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал, Тавантолгой ДЦС, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах боломж байгааг илэрхийлсэн. Хоёр улс бүс нутаг, олон улсын талбарт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ мөн нотоллоо” хэмээв.


Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау, “ЕАБХАБ-ын 2022 оны даргын хувьд Монгол Улсад айлчлах үедээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, төр, засгийн удирдлагуудтай уулзсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ жил Монгол Улс ЕАБХАБ -ын 57 дахь гишүүнэээр элссэний 10 жилийн ой тохиож байгаа. Монгол ЕАБХАБ-ын идэвхтэй гишүүн байж, өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласныг бид сайшааж байна. Миний энэ айлчлал бүс нутгийн хувьд томоохон сорилттой тулгарч буй цаг үетэй давхцаж байна. ЕАБХАБ нь цэргийн томоохон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх эрхэм зорилготой байгууллага юм. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хөгжиж ирсэн энэ байгууллагыг аюулгүй байдлыг хангах тухай Хельсинкийн зарчмыг баримтлах түүхэн зорилго, онцгой горимыг хүндэтгэх анхдагч зорилгоо хэрэгжүүлэхэд нь чиглүүлэхийг зорьж байна. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ЕАБХАБ-ын хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлж буйд баяртай байна. Хэлэлцээний үеэр эдийн засаг, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Энэ чиглэлээр бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс хөгжил, шинэчлэлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд ЕАБХАБ дэмжихэд бэлэн байгаа гэдгийг тус байгууллагын даргын хувьд нотлохыг хүсэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ