Нөмрөгийн дархан цаазат газарт эхээсээ төөрсөн бамбарууш торниж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-08 10:12:21

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт эхээсээ төөрсөн бамбарууш торниж байна. Хавраар Нөмрөгт гарсан хээрийн түймрийн үеэр байгаль хамгаалагчид хоёр сартай бамбаруушийг олж, төрийн хамгаалалтад авсан учир Төрхүү гэдэг нэр өгчээ. Анх сүүгээр угжиж байсан бол одоо зөгийн бал, алим иддэг болсон, сүүнд нь молоко, зөгийн бал хольж өгвөл дуртай гэнэ. 

Төрхүү нялхаараа ирсэн учраас хүнд элгэмсүү. Дархан газрынхан өмнө нь бамбарууш тэжээж байсан буриад сумдаас ч туршлага судалж, зөвлөгөө аваад амжжээ. 

Ирэх наймдугаар сард унаган байгальд нь тавих талаар ярилцаж байгаа ч баавгайн бамбарууш хоёр нас хүртлээ эхийнхээ хайр халамжид амьдардаг учраас сэрүү орж, ичээний цаг дөхсөн үед байгальд орхих эсэхдээ эргэлзэж байгаа гэв. 

Төрхүүг хоёр цаг тутамд хуваарийн дагуу ээлжлэн хооллодог ажилдаа Дархан газрынхан дуртай. Томрох тусам идэш хоол нь нэмэгдэж байгаа, удахгүй махан хоолонд орно. Нутгийн иргэд, бизнесмэнүүд алим, сүү, молоко дөхүүлж, хоолонд нь зарцуулахаар хандив өргөж байгаа бол хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид Төрхүүд тохилог торон хашаа гагнан бэлдэж өгчээ. 

Холбоотой мэдээ