БНСУ хилээр нэвтрээд тусгаарлагдах хязгаарлалтыг бүрэн цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-08 09:49:02

СӨҮЛ. /Yonhap/. Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн БНСУ-ын хилээр нэвтрэн орж ирж буй иргэнийг аль улсын харьяалалтай, коронавирусний вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран тусгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарсан талаар тус улсын Цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх төв штабаас лхагва гарагт мэдэгдэв.


Сүүлийн үед дотоод болон гадаадын цар тахлын халдварын нөхцөл байдал тогтворжиж, ХБНГУ, Их Британи, Дани зэрэг улсууд хилээр нэвтрээд тусгаарлагдах журмыг цуцалсан зэргийг бодолцон дээрх шийдвэрийг гаргасан байна.


Үүнээс өмнө БНСУ зөвхөн коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг хилээр нэвтрэхэд тусгаарлагдахаас чөлөөлж байсан ба вакцинд хамрагдаагүй иргэд тус улсад нэвтрээд 7 хоногийн хугацаанд тусгаарлагдах журам үйлчилж байсан юм.


Өнгөрсөн долоо хоногт тус улсад шинээр коронавирусний халдвар авсан 86241 тохиолдол нэмэгдсэн ба өмнөх долоо хоногоос 33.3 хувиар буурсан байна. Мөн халдварын тохиолдол 11 долоо хоног дараалан буурчээ.


Тус штабын мэдээлснээр, хорио цээрийн дэглэмийг цуцалсан нь халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бага зэрэг нэмэгдүүлж болох ч тус улсад өргөн цар хүрээтэй халдвар тархсан болон вакцинжуулалтын дүнд сүргийн дархлаатай болсон гэжээ.


Мөн цаашид тусгаарлалтын журмыг үргэлжлүүлэх нь нийгэмд асар их зардал гаргах болно гэж үзсэн байна.


Тусгаарлалтын журмыг бүрэн чөлөөлснөөр эдийн засагт илүү их үр дагавар авч ирэх төлөвтэй байгаа юм.


Түүнчлэн тус улсын Засгийн газар Инчон нисэх онгоцны буудлын нислэгийн тоонд тавьсан хязгаарлалтыг бүрэн цуцалжээ. Иймд тус улсад ирэх зорчигчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.   

Холбоотой мэдээ