“AstraZeneca” компани “COVID-19”-ийн эмээ Японд хэрэглэх хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-10 13:17:36

ТОКИО. /NHK/. Их Британийн “AstraZeneca” эмийн компани “COVID-19”-ийг эмчлэх, урьдчилан сэргийлэх эсрэг биетийн эмээ Японд хэрэглэх хүсэлт гаргасан талаараа пүрэв гарагт мэдэгджээ.


“AstraZeneca”-гийн мэдээлснээр, энэхүү эм нь “COVID-19”-өөр хүндээр өвчлөх, улмаар нас барах эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлдэг байна. Тус компани “AZD7442” эмээ яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтээ Японы Эрүүл мэндийн яаманд пүрэв гарагт гаргажээ.


Өнгөрсөн оны гуравдугаар сар хүртэл явуулсан эмийн эмнэлзүйн туршилтад коронавирусээр халдварлаагүй 5200 орчим хүнийг хамруулжээ. Ингэхэд эм “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэх эрсдэлийг 77 хувиар бууруулсан бөгөөд үр зургаан сарын турш үйлчилсэн байна.


Мөн 2021 оны долоодугаар сар хүртэл явуулсан өөр эмнэлзүйн туршилтаар хөнгөн, дунд зэргийн шинж тэмдэг илэрсэн 900 гаруй хүнийг хамруулан судалжээ. Тэдэнд халдвар авснаас долоо хоногийн дотор эмийг уулгахад хүндээр өвчлөх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулсан байна.


AstraZeneca”-гийн мэдээлснээр, эм мөн “омикрон” хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа нь тогтоогджээ. Мөн коктейлийг хорт хавдартай өвчтөнүүд зэрэг дархлаа нь суларсан хүмүүст урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэх боломжтой байна. АНУ, Европын орнуудад уг эмийг “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. 

Холбоотой мэдээ