ШИЙДВЭР: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бүх шатны сургууль, цэцэрлэгт нээлттэй авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-15 13:04:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.


Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-нд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ дагуу Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар  хэрэгжүүлэх ажлын талаар 26 асуудлыг тусгасан тэмдэглэл гаргаж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг өгчээ. Тухайлбал, тархины саажилт, уналт, таталттай хүүхдүүдийн уналтын эсрэг хэрэглэдэг эмийн төлбөрийг төр хариуцах, төрөөс төлбөрийг нь даадаг эмийн жагсаалтад оруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгаcан байна. Мөн тархины саажилттай хүүхдийн хагалгааг дотооддоо хийх, төлбөрийг нь төр хариуцах асуудлыг есдүгээр сард багтаан судлан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайдад үүрэг болгожээ.


Түүнчлэн эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа хөдөлмөр эрхлээгүй эцэг, эхийн аль нэгийнх нь нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төрөөс даадаг байх эрх зүйн орчин бүрдүүлэхийг ХНХ-ын сайд А.Ариунзаяад даалгажээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэр 188 мянган төгрөг байдаг ч сүүлийн хоёр жил буюу цар тахлын үед 288 мянган төгрөг болгон олгож буй юм. Үүнийг 2023 оны төсөвт үргэлжлүүлэн олгох, цаашид тогтмол 288 мянган төгрөгөөр нь тооцон олгодог болох асуудлыг шийдвэрлэхийг мөн үүрэг болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа хүнд нэг сард 123 мянган төгрөг, насанд хүрсэн хүнийг асарч байгаа бол 88 мянган төгрөг олгодог байна. Үүнийг ч тухайн өрхийн амжиргаатай уялдуулан нэмэх чиглэл өгсөн байна.


Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулах боложмийг бүрдүүлэхийг БШУ-ын сайдад үүрэг болгосон байна. Ингэхдээ хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэн сурах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарахыг чиглэл болгожээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшид 30 хувийн нэмэгдэл олгох, сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг 3 дахин нэмдэг тогтолцоог сайжруулахыг даалгажээ. Улмаар бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байхыг үүрэг болгосон байна.


Монгол Улсад хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрчийн дутагдалд орсон байна. Тиймээс энэ чиглэлд хүний нөөц бэлтгэх, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг тухайн мэргэжлээр сургах, мэргэшүүлэх зохицуулалт бий болгохыг холбогдох албаныханд даалгажээ.


Азийн хөгжлийн банкны төслөөр зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв байгуулах юм. Уг төвүүдийг энэ оны есдүгээр сард ашиглалтад хүлээн авах аж. Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймаг, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт энэ төвийн зураг төсвийг хүлээлгэн өгсөн бөгөөд ирэх оны төсөвт тусгаж, бүтээн байгуулах шаардлагатай байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа онцоллоо. 

Холбоотой мэдээ