УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-07-07 15:19:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБХ-ын ээлжит 3 дугаар чуулганы 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар шүүх засаглалыг бие даалгах, тухалбал, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийг Үндсэн хуулийн төсөлд хэрхэн тусгах талаар хэлэлцсэн тэмдэглэлээс танд хүргэе.


Р. Гончигдорж:- Ерөнхий зөвлөл  (ШЕЗ) байх уу, үгүй юу гэдэг асуудал Дараачаар нь ерөнхий зөвлөл байх тохиолдолд Ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч толгойлох уу , үгүй юу гэдэг асуудал байгаа юм.

Б. Чимид:- Шүүх дээр ярья гэсэн биз дээ. За тэгвэл Шүүх эрх мэдэл гэдгээрээ явж байя. Хайрцаглаж байвал сайн байдаг байхгүй юу юм чинь. Зүгээр өнгөцхөн битгий хараад бай л даа. Энэ чинь. Өнгөцхөн хараад болж өгөхгүй байна шүү дээ та нар. За шүүх дээр эрх мэдэл тохирлоо.

Л. Цог:-Эрх мэдэл нь байна Чимид даргаа. Эрх мэдэл байхгүй бол болохгүй шүү. Зүгээр шүүх гэвэл шүүхдээ хамаатай, өмгөөлөх байхгүй, прокурор байхгүй, их олон юм байхгүй болно шүү.

Б. Чимид:- Харин тэгээд орхилоо. Ганцхан тийм доголон юм үлдлээ тийм үү.

 Л. Цог.-Гэхдээ шүүх эрх мэдэл гэж байгаа биз дээ. Тэгж тогтсон биз дээ. Ер нь эрх мэдэл гэдэг үг яагаад гай болоод байгаа юм бэ.

Б. Чимид:- ШЕЗ байна, байхгүй байна гэсэн санал байгаа. Бид байлгахаар бодоод 17 дугар хуудасны нэгдүгээр мөрөнд шүүгчдийн хараат биш, бие даасан байдлыг хангана, хамгаална гэдгийн дараа, хууль хамгаалах байгууллагын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор нэмж тодруулсан. Тэгээд энэ дээр санал хураана биз дээ.

Р. Гончигдож:-Монгол улсад ШЕЗ байна гэж үндсэн төсөлд байгаа. Монгол улсад ШЕЗ байгуулахгүй гэсэн хажуугийн санал дээр санал хураая. Байгуулахгүй гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 15,
  • түдгэлзсэн 7, олонхын дэмжлэг хүлээхгүй байна.

Б. Чимид:- Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-аас сонгоно, Ерөнхийлөгч томилно гэсэн хоёр санал байна.Ерөнхийлөгч томилно гэснийг УИХ-аас томилох болгоё гэсэн өөр санал байна.

Р. Гончигдорж:- Дээд шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэсэн үндсэн санал байгаа. УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр томилж байна гэсэн хажуугийн санал байгаа.Томилох, сонгох хоёр дээр бас зөрөө гарсан уу, үгүй юу. УИХ-ын тохиолдолд, томилохоор байх юм уу, Ерөнхийлөгч өргөн мэдүүлснээр УИХ томилж байна гэсэн хажуугийн санал орж ирсэн. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 4, хажуугийн санал олонхын дэмжлэг авлаа.

УИХ-аас Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр томилж байна гэх үү, сонгож байна гэж байна уу. За томилж байна гэж байна.

Б. Чимид:- Дээд шүүхийн шүүгч, ерөнхий болоод бусад шүүгчдийг хугацаагүй гэснийг хугацаатай болгоё, насыг нь тавья гэсэн, нас тогтооё гэсэн саналуудад санал хураалгая. Төслөөр хугацаагүй гэж байгаа. Хугацаатай бол 12 жил байж болох юм гэж комиссын зүгээс...

Р. Гончигдорж:- Энэ асуудал дээр санал хураалт явуулъя.

Б. Чимид:- 12 гэж санал гарсан байна. Түүгээр нь байж болох юм уу гэсэн саналтай. Ерөөсөө хугацаатай байх уу үгүй юу гэдэг дээр санал хуураалгаад, дараа нь насаа ярья. Лхагважав, Галсандорж, Батчулуун гээд гишүүд ийм санал гаргасан байна.

Р. Гончигдорж:- Дээд шүүхийн шүүгч нарыг тодорхой хугацаатай 10-12 жилээр томилж байх сая дурдаж хэллээ. Дээд шүүхийн шүүгчдийг хугацаагүй томилох, нас ажлын туршлага болон огцруулах шалгуудтай байх ёстой шинэ, шүүгч нарт тавих шаардлагыг тусгаж өгөх ёстой гэсэн олон саналууд гарсан байна. Эндээс зарчмын асуудлыг нь түүвэрлээд нас тогтоох эсэх тухай асуудал яригдах юм. Үндсэн санал бол хугацаагүй байгаа. Хажуугаас орж ирж байгаа хугацаатай байлгая гэсэн санал дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 29,
  • татгалзсан 9,
  • түдгэлзсэн 1, хугацаатай байлгая гэж олонх дэмжлээ.

Хугацааны талаар үндсэн санал 10-12 жил гэсэн байна.12 жилээр сонгоё гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 1, олонх байн. Ингээд 12 жилийн хугацаатайгаар сонгохоор тогтлоо.

Б. Чимид:- Нас тогтооно гэвэл 30 нас хүрсэн гэж ийм саналыг байж болох юм гэж үзэж байна.

Р. Гончигдорж:- Үндсэн төсөл дээр насны тухай яригдаагүй., тийм учраас нас тогтоох уу, үгүй юу гэдэг асуудлаа ярья. Нас тогтоох нь зөв гэж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 29,
  • татгалзсан 8,
  • түдгэлзсэн 3, нас тогтооё гэсэн нь олонх байна.

Энэ санал дээрээ насны доод хэмжээг парламентын гишүүдийн адилаар 30 насаар тогтооё гэсэн санал байгаа, 37 нас гэсэн бас санал байна. Ингээд 30 нас гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 3, олуулаа байна.

Б. Чимид:- Мэргэжил боловсролын шаардлага гэдэг дээр Дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, шүүн таслах ажлын дадлага бүхий гэж оруулсан. Ийм санал гарсан энэ байх уу, үгүй юу гэдгээ одоо ярья.

Р. Гончигдорж:- Шүүгч нарт тавих шаардлагыг тусгаж өгье гэх саналыг гишүүн Галсандорж гаргасан байна.

Б. Чимид:- Уг нь болзол байх хэрэгтэй л байдаг юм. Улсын хууль профессор цолтой гэж байж л байна билээ.

Р. Гончигдорж:- Энэ асуудлаар санал хураахгүй юм байна гэж ойлголоо.

Б. Чимид:- 30 нас хүрсэн иргэн гэж нас тавихаар маш эвгүй болов оо. Ганцхан болзолтой болчхов оо. Доод талын хувьд ганцхан болзолтой болчихлоо шүү дээ. Болзол тавих ёстой байсан бол гурвууланг нь тавих ёстой байсан байхгүй юу.

Р. Гончигдорж:- Томилогдож, сонгогдох талдаа тэднийг нь харгалзах үндэс байх уу, үгүй юу. Насыг сая тогтлоо, дээр нь мэргэжлийн шинж чанар, дадлагыг тусгасан ийм тодотголыг оруулах нь зүйтэй юмаа гэсэн дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 1, олонх нь байна.

Тийм учраас зохимжтой тодотголыг оруулъя гэсэн ийм байдлаар шийдэж байна даа. За дараагийн асуудал.
Б. Чимид:- Энэ бол гараагүй санал тэгэхдээ хураалгахаас болохгүй байна. Ганцхан санал бий. Дээд шүүхийг нь парламент сонгож байгаа учраас орон нутгийн шүүх юу болж байна вэ гэж.  Уг нь бүгдээрээ Ерөнхийлөгчөөс томилогдож байсан шүү дээ. Одоо орон нутгийг ерөнхийлөгчид л өгөх. Дээд шүүхийг парламент сонгоно гэж түрүүн шийдчихээ биз дээ.

Р. Гончигдорж:- Тийм шийдсэн. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр...

Б. Чимид:- Ингээд зовлон болчхоод байна л даа. Парламент одоо орон нутгийнхаа шүүгчийг яах вэ гэдэг асуудал байна, гишүүн Жанцан бол орон нутгийн хурлаас сонгох гэсэн санал гаргасан. Тэгэхээр улсын шүүх болж чадахгүй болоод байгаа юм. Тэр саналыг хураалгахад болохгүй гэж татгалзах юм алга. Дээд шатны...

 Р. Гончигдорж:- Хараат биш байхаар.

Танхимаас:- Ерөнхийлөгчид эрх мэдлийг нь шилжүүлж болохгүй юм уу.

Б. Чимид:- Шилжүүлснээр хийчихсэн чинь дээд хэсэг нь алга болчихгүй юу. Жаахан эвгүй л юм даа. Ерөнхийлөгч орон нутгийн чанартай болчхоод байгаа юм. Хуулиудыг барьцалдуулаад хийчихээр нөгөө нь болохоо байчихдаг гэдгийг та нар харж үзмээр байх юм л даа.

Л. Цог:- Ерөнхийлөгч томилох төсөл их зөв байсан юм. Бид аль ч үгүй саар юм хийгээд хаячихлаа. Ерөнхийлөгчид орон нутгийг өгөхөөс өөр замгүй болно. Орон нутгийн хурал томилох юм бол түүнийхээ хараат болчихно. Орон нутгийн хурлын шүүх болж хувирна. Парламент хүртэл ийм байдалтай болж хувирна.шүү. Шүүгчээ загнаад болохгүй бол аваад хаячих ийм боломжтой болно шүү дээ. Ийм учраас шүүхийн систем тэр чигээрээ Ерөнхийлөгчийн мэдэлд томилогдож байвал зөв байх байсан юм. Ерөнхийлөгчид орон нутгийн шүүхийг өгье л дөө. Орон нутгийн хуралд өгч ерөөсөө болохгүй. Бидний хуучин туршлага байна. Энэнээс салах гэж яваа улс шүү дээ бид чинь.

Р. Гончигдорж:- Түрүүнийх дээрээ санал хураалгах цөөнхийн санал гэж ойлгож болох уу?

Л. Цог:- Бололгүй яах вэ, даргаа.

С. Батчулуун:-Аймаг, хошууны шүүгчдийг хурлаас нь сонгож болно л доо. Дээд шүүхийн даргатай зөвшилцөж байна гээд оруулчихно биз. Заавал харьяалалд нь автагдаад, хараат байдалд ороод байх нь юу байсан юм бэ. Хурал ямар ганц нэг хүн байгаа биш. Ерөнхийлөгчид өгсөн тэр юугаа эргэж хараачээ гэж. Яагаад вэ гэвэл эндээс үр дагаврын асуудал байх ёстой л доо. Парламент сонголоо гээд ямар үр дагавар гарах юм бэ? Ерөнхийлөгч сонголоо гээд үр дагавартай байх юм гээд энийг тийшээ оруулчхаад байгаа шүү дээ уг нь.

Р. Гончигдорж:- Түрүүнийхээ саналыг эргэж хураая. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-аас Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг томилно гэснийг дахин санал хураая. Тэр маань хажуугийн санал шүү дээ. Ерөнхийлөгч томилно гэж үндсэн санал байгаа. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ-аас томилно гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 2, 48 хувьтай олонхын дэмжлэг авахгүй байна.

Тийм учраас хуучнаараа үлдэж байна. Ерөнхийлөгч Дээд шүүхийн гишүүдийг хуучин төслөөрөө томилно, Тийм учраас саяын асуудал гарч ирэхгүй орон нутгийн шүүхийгчийг мөн томилно.

Б. Чимид:- Прокурорын тухай заалтыг хасъя гэсэн тийм санал орж ирсэн. Хууль сахиулагчийг, комисс байлгана гэж байгаа.

Р. Гончигдорж:- Энэ дээр санал хураалгах юм уу?

Б. Чимид:- Зарчмын юм гэж үзээд яасан шүү дээ.

Р. Гончигдорж:- Эвдэрч болох зарчмын юм гэж үзээд оруулж байна уу?

Б. Чимид:- Эвдэрнэ, маш их эвдэрнэ.

С. Батчулуун:- Би тийм санал гаргасан юм. Саналаа буцааж авлаа.

Р. Гончигдорж:-Ер нь хууль сахиулагч буюу прокурор гэж байх уу, үгүй юу гэдэг дээр санал хураалт явуулъя. Тэгэхээр зэрэг нөгөө эгзэгтэй хураалтаар чинь явуулах гэж байна шүү. Сайн бодоорой. Хууль сахиулагч байхгүй байна гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулж байна.

  • зөвшөөрсөн 16,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 2, олонхын дэмжлэг хүлээсэнгүй.

Ингээд хууль сахиулагч маань байх нь ээ.

Б. Чимид:- Одоо ингээд шүүх дууслаа гэжээ.

Холбоотой мэдээ