УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. УБХ-ын 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд БНМАУ-ын Ардын их хурлын дарга, орлогч дарга нар, зарим байнгын комиссын дарга, Ардын их хурал (АИХ)-ын депутатууд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын болон ажлын хэсгийн гишүүд, Улсын дээд шүүхийн дарга, Улсын ерөнхий прокурор оролцож байжээ. Тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлээс танд хүргэе.
Р.
Гончигдорж:- Хуралдаанаар Монгол улсын Их цааз /Үндсэн хууль/- ыг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, шинэчилсэн төслийн тухай авч хэлэлцэх гэж
байна. Авч хэлэлцэх гэж байгаа асуудлаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн
төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга П. Очирбат илтгэл
тавина.
П. Очирбат: Эрхэм хүндэт УБХ-ын дарга гишүүдээ, Монгол орон ардчилал, эрх чөлөөний шинэ замыг сонгон авч хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлох боломж бүрдэж байгаа өнөөгийн нөхцөлд Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцэх явцад гарсан санал дүгнэлтийг харгалзан шинэчлэн боловсруулж УБХ-д өргөн мэдүүлсэн Монгол улсын Үндсэн хуулийн төслийг та бүхэн хэлэлцэх гэж байна. Манай орны эдийн засаг нийгэм, улс төрийн тогтолцоо, олон түмний сэтгэл оюунд гарсан ардчилсан өөрчлөлт, ялангуяа нийгмийн шинэ харилцаа, хуучин Үндсэн хуулийн хоорондын зөрчил зэрэг хүчин зүйлийн улмаас төрийн гол хуулийг өөрчлөх зүй ёсны шаардлага бий болсон билээ. Энэ талаар өмнө нь бид тодорхой ярилцсан учраас уг төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, төсөлд орсон өөрчлөлтийн талаар товчхон ярина.
Монгол улсын Их цааз / Үндсэн хууль/-ын төслийг 1991 оны 6 дугаар сарын 10-аас 1991 оны 9 дүгээр сарын 1-ний хооронд ард нийтээр хэлэлцүүллээ. Төслийг хэлэлцсэн дүн, холбогдох тоо баримтыг
9 дүгээр сарын 1-ээр тасалбар болгон авсан боловч түүнээс хойш ирсэн саналуудыг
мөн нэгэн адил харгалзаж үзсэн.
Энэ хугацаанд Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах
комиссоос төслийг ард нийтээр хэлэлцүүлэхтэй холбогдуулан Монголын парламентын
бүлгэм, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудтай
хамтран дараах хэлбэрийн ажлыг зохион байгууллаа. Үүнд: “Их цаазын төсөл,
Монгол улсын чиг хандлага” сэдэвт онолын бага хурлыг манай улсын эрдэмтэн,
мэргэжилтэн, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудын оролцоотойгоор 7 дугаар
сард, мөн“Монгол улс ардчилалд шилжих үйл явцад шинэ Үндсэн хуулийн гүйцэтгэх үүрэг,
эзлэх байр суурь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр
сард, дэлхийн 10 гаруй улс, олон нийтийн байгууллагын 30 орчим төлөөлөгчдийн
оролцоотойгоор тус тус зохион байгууллаа. Төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
“Их цааз төсөл хэлэлцэж байна” сэдэвт булан нээж ажиллуулж, төслийн гол гол
асуудлаар эрдэмтэн, мэргэжилтнийг оролцуулсан радио, телевизийн ярилцлага, сурвалжилгыг тусгай хөтөлбөрийн дагуу нэвтрүүлж байлаа.
Улаанбаатар, Дархан хот, Дундговь, Хэнтий, Архангай, Ховд аймагт АИХ-ын
депутатуудын бүсчилсэн зөвлөгөөн хийж
Үндсэн хуулийн төслийн талаар санал дүгнэлтийг нь тусгайлан авч хэлэлцсэн. Төслийг хэлэлцүүлэх явцад гарсан санал
шүүмжлэлийг анхааралдаа авч хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг хуульч, эдийн засагч, улс төр судлаач бусад мэргэжлийн эрдэмтэн,
мэргэжилтнүүдээр өргөтгөн тоог нэмэгдүүлэн ажиллуулсан. Хуулийн төслийг хүн амд
тайлбарлан таниулах талаар УБХ-ын гишүүн болон тус комиссын гишүүд тодорхой
хугацаагаар орон нутагт явж ажилласан. Төслийг нийт 7000 гаруй байгууллагад хэлэлцэж, түүнд 900 000 гаруй хүн
оролцож, давхардсан тоогоор 220 000-иод санал гарсан байна. Энэ хоёр зуу гаруй
мянган санал гэдэг бол анхан шатанд буюу байгууллага, хамт олноор хэлэлцүүлэхэд
давхардаж гарсан тоо юм. Эдгээр саналыг яам, тусгай газар, намууд, олон нийтийн
болон, эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг хотын гүйцэтгэх захиргаадад нэгтгэхдээ орон нутаг, яам газрын хэмжээнд
шийдвэрлэвэл зохих асуудлуудыг түүгээрээ шийдэж төсөлтэй шууд холбогдох нийтлэг
ач холбогдолтой гэсэн саналыг түүвэрлэн авч явуулсныг манай комиссын ажлын
хэсэг дахин төвлөрүүлэн нэгтгэж үзсэний үндсэн
дээр 8000 гаруй саналыг тооцоолон бодох машинд оруулж шинэчилсэн төсөл боловсруулахдоо ашигласан болно.
Хэлэлцүүлгийн
явцад гарсан саналыг төслийн бүлэг тус бүрээр авч үзвэл 1,5 хувь нь удиртгал
хэсгийн талаар, 26,4 хувь нь 1 дүгээр бүлгийн талаар, 21,1 хувь нь 2 дугаар
бүлгийн талаар, 40,8 хувь нь 3 дугаар бүлгийн талаар, 8,8 хувь нь 4 дүгээр
бүлгийн талаар, 1,4 хувь нь 5 дугаар бүлгийн талаар ирсэн санал байна. Дээрх
саналуудын 44, 3 хувийг төсөлд ямар нэгэн хэлбэрээр авч тусгасан. Мөн төр,
захиргаа, иргэн, эрүү, гэр бүлийн болон байцаан шийтгэх
зэрэг салбарын бусад хуульд тусгахаар авсан санал 5.9 хувийг эзэлж байна.
Төсөлд нэгэнт тусгагдсан санааг давтсан шалтгаанаар ирсэн саналын 49, 8 хувийг
төсөлд тусаагүй. Ард нийтийн хэлэлцүүлгийн явцад гарсан
төслийн нэр томьёо, зарим байгууллага албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа
сонгогдох, томилогдох насны хязгаар, халдашгүй байдлын баталгаа
зэрэг асуудлын талаарх багагүй хувийг эзэлж байна. Тийм учраас комисс Их цааз,
Их цаазын цэц, хууль сахиулагч, зэвсэгт хүчний дээд командлагч зэрэг нэр
томьёог өөрчлөн засварлалаа. Энэхүү төслийн талаар гарсан олон янзын санал
дүгнэлтийг Үндсэн хуулийн төсөлд төрөлжүүлэн нэгтгэж авсан зарим нэг гол
саналын талаар та бүхэнд толилуулъя.
Нэгдүгээрт
, хэлэлцүүлгийн явцад монгол улсын мөн чанар, хөгжлийн чиг
хандлагыг нарийвчлан тодорхойлох талаар ирсэн санал, дүгнэлтийг авч үзэхэд,
Монгол улс тусгаар тогтносон, бүрэн эрхт бүгд найрамдах улс байх бөгөөд төрийн үйл ажиллагаанд хууль
дээдлэх ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг
хангах зарчмыг үндэслэнэ гэсэн онолын үзэл баримтлалыг төсөлд шинээр суулгалаа.
Ингэснээр манай улс түүнийг хөгжлийнх нь мөн чанар,
чиг хандлагыг тодорхойлох төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг
хуульчлан тогтоох боломжтой болох юм гэж үзэж байна.
Хоёрдугаарт, Монгол
улсын эдийн засгийн тогтолцоо, түүний бүтцийг Үндсэн хуулиар нарийвчлан тогтоох
шаардлагатай гэсэн санал нэлээд олон гарсныг харгалзаж олон хэвшил бүхий эдийн
засагтай байж өмчийн гурван хэлбэрийг
хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, эдийн засгийн хэвшлүүдийн
хөгжлийн зорилго, чиг хандлага нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
үйл явцад бүрнээ нийцэж байх зэрэг зарчмын асуудлуудыг шинээр нэмж оруулсан. Газрыг иргэдэд өмчлүүлэх
эсэх талаар саналуудыг нэгтгэн үзээд төрөөс бэлчээр, улсын тусгай
хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлэхлээр зааж байна. Гэхдээ газар өмчлөгч нь байгаль
хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газрыг
төрөөс хураан авах, мөн газрыг манай улсын болон гадаадын иргэд, харьяалалгүй
хүмүүст түрээсээр, түүнчлэн хуульд заасан бусад болзол хэлбэрээр эзэмшүүлэн
эдлүүлэх эрх зүйн баталгааг төсөлд шинээр суулгах нь зүйтэй гэж үзсэн.
Гуравдугаарт, Эх
орныхоо тусгаар тогтнолыг батлан
хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах явдал төрийн үүрэг байх, тус улс
өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх тухай эрх зүйн үндэслэлийг хуульчлан
бататгах ёстой гэсэн олон түмний саналыг авч шинээр нэмсэн.
Дөрөвдүгээрт, хүний
эрх, эрх чөлөө, тэдгээрийг хэрэгжүүлэх баталгааны талаар олон улсын эрх зүйн
хэм хэмжээ зарчимд нийцүүлэн Монгол улсын иргэний болон ерөөсөө аливаа хүн ,
хүнийхээ хувьд эдлэх эрх, эрх чөлөө, хүлээх үүргийг тусгаж, хүн бүрийн эрх зүйн
харилцааны субъект байх эрхийг хуулиар хамгаалах үндэслэл тогтоох
нь зүйтэй гэж үзлээ. Мөн хүний хувийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангах
үүднээс хүний нэр төрийг хамгаалах, өөрийн болон гэр бүлийнхээ гишүүд төрөл
садныхаа эрх ашгийг хамгаалах, өөрийгөө өмгөөлөх, хууль хууль зүйн туслалцаа авах, нотлох баримт
шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг
эрхийг хууль зүйн баталгаатай болгох зорилгоор шинээр тусгасан. Энэ бүлэгтээ
төрийн өмнө хүлээх үүрэг нь хэрэгжих боломжтой байх ёстойг харгалзан хууль
дээдлэх, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, албан татвар төлөх, байгаль
орчноо хамгаалах, цэргийн алба хаах, эх орноо хамгаалах, шударгаар хөдөлмөрлөх
үндсэн үүрэгтэй байхаар бодолцож уул хэсгийг өөрчилсөн.
Тавдугаарт,
ард нийтээр хэлэлцүүлсэн төслийн үндсэн үзэл баримтлалыг
хэвээр үлдээсэн боловч төрийн байгууллын холбогдох хэсэгт зарчмын хэд хэдэн
өөрчлөлт хийх нь зүйтэй гэж комисс үзсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүдийг ард
түмэн шууд 4 жилийн хугацаагаар сонгодог журмыг нэг хувилбар болгож оруулснаас гадна, УИХ-ын гишүүдийг 6 жилийн
хугацаатайгаар сонгож нийт гишүүдийн хоёрны нэгийг 3 жил тутамд шинэчлэн сонгож байх журмыг өөр нэг хувилбар болгон
оруулж байгаа. УИХ шаардлагатай нөхцөлд дайны болон онц байдал зарлах эсвэл
эдгээр асуудлаар гаргасан Ерөнхийлөгчийн зарлигийг батлах, хүчингүй болгох
эрхтэй байж дайны болон онц байдал тогтоох ерөнхий үндэслэл энэ тохиолдолд
онцгой чуулган хийх журмыг шинээр нэмж оруулсан. Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ 7
хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгохгүй бол уул зарлигийг
хүчингүй болсонд тооцож дайны буюу онц байдал
цуцлагдахаар шинэ нэмэлт орсныг та бүхэн анхаарч үзээсэй гэж бодож байна.
Зургаадугаарт, Ерөнхийлөгчийг сонгох сонгууль хоёр шаттай байх тухай төслийн үзэл баримтлалыг үндсэнд нь хэвээр хадгалсан болно. Тэгэхдээ анхан шатны сонгуулиар нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцож түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргана гэсэн шинэ журам нэмж орууллаа.
Долдугаарт,
шинэчилсэн төсөлд Засгийн газрын эрх хэмжээ, чиг үүрэг, зохион байгуулалтын
талаар тодорхой бус тусгасан гэсэн шүүмжлэл нэлээд гарсныг нягтлан үзээд төрийн хуулийг биелүүлэх үндсэн
дээр аж ахуй, нийгэм, соёлын байгууллагыг удирдах түгээмэл чиг үүргийг шинээр
нэмж оруулсан.
Наймдугаарт, Монгол
улсын шүүхийн тогтолцоо, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт, үйл
ажиллагааны зарчим, баталгааг шинээр нэмж шүүхийн хараат бус, бие даасан
байдлыг хангах эрх зүйн үндсийг нарийвчлан тогтоох чиглэлийг баримталсан.
Үндсэн хуулийн шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим журам, эрх хэмжээг дэлхийн олон орны жишигт
ойртуулахыг хичээж тодорхой болгосон нэлээд шинэ санаа, заалтуудыг нэмж
оруулсан.
Есдүгээрт, манай
засаг захиргааны нэгж түүний удирдлага ялангуяа хуваарьт хийх өөрчлөлтийн
талаар олон түмнээс ирсэн санал, дүгнэлтийг харгалзан аймаг нь хошуунд хошуу нь
багт, нийслэл нь хороонд, хороо нь хоринд хуваагдаж байх тийм өөрчлөлт хийсэн
Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, хошуу, хороо тухайн
нутаг дэвсгэрийн ИТХ, баг хорин тэдгээр иргэдийн нийтлэг хурал байх бөгөөд
тухайн хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг Хурлаас сонгогдсон
тэргүүлэгчид хэрэгжүүлж байхаар шинэчлэн тусгасан.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд Монгол улсын Их цааз / Үндсэн хууль/-ын төслийг ард нийтээр хэлэлцсэний дараа төслийн бүтэц нь удиртгал, 5 бүлэг, 81 зүйлийн 90 гаруй хэсгийн зохих заалтыг өөрчлөн найруулснаас гадна 70-аад хэсэгт нь зарчмын шинэ нэмэлт өөрчлөлт хийж, зарим зүйл хэсгийг утга санаа, үзэл баримтлалынх нь адилсах чиглэлээр нэгтгэж найруулсан. Ингэснээр одоо УБХ-д өргөн барьсан Монгол улсын үндсэн хуулийн төсөл нь удиртгал, 5 бүлэг, 70 зүйлтэй болсон.
Р. Гончигдорж:- Монгол улсын Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлсэн дүн, шинэчилсэн төслийн тухай Ерөнхийлөгчийн тавьсан илтгэлийг бид сонслоо. Одоо илтгэлтэй холбогдуулж УБХ-ын эрхэм гишүүдээс асуулт тавьж хариулт сонсъё.
Ц.
Элбэгдорж:- Үндсэн хуулийн талаар бүхэлд нь асуулт хариулт, хэлэлцүүлэг
явуулна гэдэг бол хүндрэлтэй. Тэгэхээр бүлэг бүлгээр нь асуулт тавиад, зүйл
зүйлээр нь яриад явбал яасан юм бэ? Үндсэн хуулийн талаар бүхэлд нь
боловсруулах явцын талаар асуулт байж болох байх. Тэрнийг үгүйсгэхгүй.
Р.
Гончигдорж:- Ард нийтээр хэлэлцүүлсэн дүнтэй холбогдуулсан асуулт алга
байна гэж ойлголоо.Тийм учраас шинэчилсэн төслийг хэлэлцэх асуудалдаа оръё гэсэн санал байна. Энийг хэлэлцэхдээ
бүлэг бүрийнх нь хувьд асуулт хариулт явуулж санал дүгнэлтээ хэлж яах уу, эсвэл
асуулт хариултгүйгээр шууд төслийнхөө хэлэлцүүлгийг зүйлчилсэн байдлаар эсвэл бүлгэлсэн байдлаар явах уу гэсэн ийм хоёр асуудал гарч
ирж байна.
С.
Чулуунбаатар:- Үндсэн хуулийг бүхэлд нь асууна гэвэл их юм
болох нь. Тэгэхээр бүлэглээд бүлэглэхдээ зүйлээрээ дараалан явж, тодорхой зүйл
дээр асуух юм аа асуугаад саналаа хэлээд явмаар байна.
Р.
Гончигдорж:- ард нийтээр хэлэлцүүлээд ямар саналыг авсан юм, ямар саналыг
аваагүй юм бэ гэдэг дээр илтгэлээс дэлгэрүүлэх ийм
асуудлын нэг хүрээ байна. Дараа нь яг энэ төслөө барьж байгаа холбогдсон
асуудлыг, энэ дээр санал дүгнэлтээ хэлээд явах ийм хоёр агуулга байна шүү дээ.
Тэгвэл Монгол улсын бүрэн эрхт байдал гэсэн.... нэгдүгээр....
Д.
Лүндээжанцан:- Монгол улсын Үндсэн хууль, Их цааз гэдэг
дээрээс эхлээд. Нэрээс нь эхэлье.
Р.
Гончигдорж:- оршил хэсгээс бие даалгаад нэг явъя. Дараачаар нь бүлэг
дээрээ явъя.
Д.
Ганболд:- УБХ-аас ямар нэг хэмжээний засварлах, санал хурааж
шийдвэрлэх асуудал гарна гэж ойлгоод байгаа шүү дээ. Сүүлд нь асууж
шийдвэрлэхээ хийх гээд байна уу, Аль эсвэл асуултаа шууд санал гарангуут нь
шийдэх гээд байна уу? Энэ хоёрыг яаж холбох вэ? Дараа нь дахиад хоёр хэлэлцүүлэг
гэж нэг юм явах гээд байна уу, үгүй юу?
Р. Гончигдорж:- УБХ-аас Их хурал (АИХ)-д оруулна шүү дээ. Тийм учраас төсөлд уг зүйлийн үг санаа хэрхэн тусах вэ энэ дээр санал хураалт явуулж эцсийн хувилбараа гаргана шүү дээ. Тэр бол бидний ердийн хууль хэлэлцдэгтэй адилхан. Би ингэж ойлгож байгаа. Ерөнхийлөгчийн илтгэлд нэлээд дэлгэрэнгүй гарлаа. Шаардлагатай юмаа асууж тодруулж болно, асууж тодруулах бол бүрэн чөлөөтэй. За энүүгээрээ санал хураая, санал зөрүүтэй байна. Эрхэм гишүүдээ. Энэ төслөө шууд хэлэлцэх журмаар явъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.
- өвшөөрсөн 32,
- татгалзсан 4,
- түдгэлзсэн 0, олонх нь энэ саналыг дэмжиж байна.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж